БНХАУ-ын иргэд Монгол Улсын иргэдтэй бүлэглэн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө “Хөшигийн хөндий” нисэх буудлын орчимд нутаг нэгтнээ буудан хөнөөсөн ноцтой хэрэгт анхан шатны шүүх шийдвэрээ гаргажээ. Тус хэргийг мөрдөн шалгасны эцэст прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүхээс БНХАУ-ын иргэний амь насыг хөнөөсөн Хятад улсын хоёр иргэнд 25 жилийн хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна. Харин Монгол Улсын иргэн А.Даянтөмөрт 18.3 жил, А.Тэнгист 17.3 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт холбогдсон этгээдүүд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй Ханмин, Лиү Бөүвин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар урьдчилан үгсэн тохиролцож, амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван…, хохирогч Зао… нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс “Land Cruiser 200” загварын автомашинд суулган авч явсан байна. Улмаар 1 сая юань нэхэж, “Өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна” хэмээн сүрдүүлсэн талаар шүүхийн материалд дурджээ.
Мөн хэрэг үйлдэх явцдаа хохирогч нарт хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Үүнээс гадна тэдгээрийг автомашинаар авч явахдаа гэр бүлийнхэнтэй нь холбогдуулан 1 сая юань, эсхүл 500 мянган юань, 450 мянган юань, 350 мянган юань шилжүүлэхийг шаардаж, эрхшээлдээ байлган барьцаалсан гэж үзсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао…-ийг “хүнийг алах гэмт хэргийг нуун далдлуулахад туслуулах, мөн 100 мянган юань шилжүүлэн өг тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд байлгасан нь тогтоогджээ.
Харин амь хохирогч Ван…-ийг Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт аваачиж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 7.62х39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгээр буудан амь насыг нь хөнөөсөн гэж шүүх үзсэн байна.
Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/ тус тус үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөрдөн шалгах явцад БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин нь хохирогч Ван…-тай Ви чатаар танилцаж, “Монгол Улсаас Америкийн виз мэдүүлэхэд нь тусална” хэмээн итгүүлж Монгол Улсад авчирсан нь тогтоогджээ. Улмаар их хэмжээний мөнгө нэхэн дарамталж, эцэст нь амь насыг нь хөнөөсөн бол хохирогчтой хамт Монголд ирсэн Зао…-гоос мөн мөнгө нэхэж, түүнийг барьцаалсан байна.
Энэ хэргийн үеэр Монголын цагдаагийн байгууллага шуурхай ажиллагаа явуулж, барьцаалагдсан БНХАУ-ын иргэнийг эсэн мэнд аварч, хэргийг илрүүлэн шалгасны үндсэн дээр шүүх ийнхүү шийдвэрлэжээ.
- Хятад улсын хоёр иргэнд 25 жилийн хорих ял оноожээ
- А.Даянтөмөрт 18.3 жил, А.Тэнгист 17.3 жилийн хорих ял ногдуулжээ
- Хохирогчдыг “Land Cruiser 200” автомашинаар авч явж, 1 сая юань нэхсэн байна
- Хэргийг “Монгол Улсаас Америкийн виз мэдүүлэхэд нь тусална” гэх аргаар эхлүүлсэн гэж үзжээ