ОХУ-ын Ростов хотын Нагибины өргөн чөлөөнд байрлах явуулын циркийн тоглолтын үеэр бар үзэгчдийн суудал руу үсэрч, олныг сандаргасан хэрэг гарчээ.
Уг хэрэг явдал “Донэкспоцентр”-ийн зогсоол дээр байрлах Довгалюкийн угсаа залгамжилсан циркийн майханд болсон байна. Тоглолтын үеэр хамгаалалтын тор гэнэт унаснаар бар хаалтнаас гарч, эхний эгнээний үзэгчид рүү үсрэн оржээ. Улмаар бар өөрөө ч ихэд айж сандарсан бололтой, хоосон байсан арын эгнээний суудлууд руу зүтгэсэн байна.
Тухайн үед манеж дээр нийт гурван бар, хоёр сургагч байжээ. Хамгаалалтын тор бэхэлсэн цагираг нурж унахад амьтад цочиж, ийш тийш сандралдан гүйсэн бөгөөд нэг нь ийнхүү үзэгчид рүү дайрсан аж. Циркийн ажилтнууд унасан торыг тэр даруй буцаан босгож чадсан байна.
Хэргийн газраас авсан дүрс бичлэгт үзэгчид ихэд айж сандран, хүүхдүүдээ тэврэн босоцгоож байгаа нь харагдана. Үүссэн үймээний үеэр ажилтнууд хүмүүсийг зохион байгуулалттайгаар гаргаж, шахцалдаан үүсэхээс сэргийлж ажиллажээ.
Бар эхлээд майхнаас гадагш гүйн гарсан ч удалгүй буцаж орж ирсэн байна. Амьтан сургагчид барыг торонд нь буцаан оруулж чадсан бөгөөд аз болоход хүн бэртэж гэмтээгүй байна. Одоогоор уг хэрэг явдалтай холбогдуулан шүүхийн өмнөх шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.