Новак Жокович Рожер Федерерын түүхэн амжилтыг эвдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джокович

Сербийн нэрт теннисчин Новак Жокович Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) дэлхийн чансааны шилдэг таван тамирчны эгнээнд хамгийн олон долоо хоног бичигдсэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Сүүлийн үеийн мэдээллээр, өдгөө 38 настай Жокович дэлхийн шилдэг теннисчдийн жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Өнөөдрөөс түүний шилдэг тавд бичигдсэн 860 дахь долоо хоног эхэлж байгаа бөгөөд энэ нь түүний карьерын шинэ оргил болж байгаа юм.

Ингэснээр Жокович өмнө нь Швейцарын Рожер Федерерын эзэмшиж байсан 859 долоо хоногийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэхүү үзүүлэлтээр жагсаалтын гуравдугаарт Испанийн Рафаэль Надаль 837 долоо хоногтойгоор бичигддэг байна.

Түүнчлэн дэлхийн чансааг тэргүүлсэн хугацааг авч үзвэл Жокович нийт 428 долоо хоног дэлхийн “номер нэг” байсан бол Федерер 310, Надаль 209 долоо хоног тус тус тэргүүлж байжээ. Харин дэлхийн шилдэг 10 теннисчний эгнээнд бичигдсэн нийт хугацаагаар Жокович (939 долоо хоног) одоогоор Федерерын (968 долоо хоног) ард жагсаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй