Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх” чиглэлээр улсын хэмжээнд шалгалт явуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны Байгалийн цогцолборт газарт хяналт шалгалт хийх үеэр 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тусгай хамгаалалттай газрын “Устай Шаамарын Хадан хошуу” гэх газарт ховор амьтны жагсаалтад багтдаг хоёр бодгаль халиун бугыг хууль бусаар агнасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.
Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлж, холбогдох эд мөрийн баримтуудыг хүлээлгэн өгсөн байна. Мөн холбогдох байгууллагууд хамтран хууль бусаар агнагдсан амьтдын сэг зэмийг ариутган устгажээ. Хууль эрх зүйн хариуцлага:
- Нөхөн төлбөр: Амьтны тухай хуулийн дагуу халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 12.7 сая төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн бодгаль тутамд нөхөн төлбөр оногдуулдаг.
- Эрүүгийн хариуцлага: Хууль бусаар ан агнасан тохиолдолд мөнгөн торгуулиас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.
Байгаль орчны хяналтын байгууллагаас иргэдийг ан агнуур хийхдээ хууль тогтоомж мөрдөх, хориглосон хугацаанд ан хийхгүй байхыг анхааруулж байна. Мөн амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийг нь заавал нягталж, аливаа зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлж байхыг зөвлөлөө.