Фижи арал дээр аялж байсан Австралийн сөрфер Гай Роулз дэлхийн хамгийн хортой далайн амьтдын нэг болох хайрцагт медузэд (box jellyfish) хатгуулж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн талаар “Daily Mail” хэвлэл мэдээллээ.
“Гэнэт миний гар руу маш хүчтэй хатгах шиг болсон. Яг л арьсан дээр минь буцалж буй тос асгачих шиг л санагдсан” хэмээн тэрээр болсон явдлын талаар ярьжээ.
Хатгуулсных нь дараа түүнийг завин дээр гаргасан бөгөөд энэ үед цээжээр хүчтэй өвдөж, таталт өгөн, биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн байна. Түүнийг Фижийн Нади хотын эмнэлэгт хүргэхийн тулд нэг цаг гаруй хугацаа зарцуулжээ.
Сөрферийн бие маш хурдан муудаж, бие нь чичрэн, бөөлжиж, гар хөл нь мэдээгүй болж эхэлсэн байна. Тэрээр амьд үлдэхгүй байх гэж эмээсэндээ ээжтэйгээ холбогдож, салах ёс хүртэл гүйцэтгэжээ.
Эмнэлгийн ажилтнуудын хэлснээр, хатгуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул хорны ерөндөг тарих нь үр дүнгүй болсон байжээ. Тиймээс эмч нар хорт эсийг саармагжуулахын тулд уксус ашиглаж, өвчин намдаах эмчилгээ хийсэн байна.

“Хэрэв хатгалт миний нүүр эсвэл хүзүү орчимд таарсан бол байдал хамаагүй дээрдэх байсан гэж эмч нар хэлсэн. Би үнэхээр азтай байж” хэмээн Роулз дурджээ.
Хайрцагт медузийн тэмтрүүлүүд нь сая сая хорт эс агуулдаг бөгөөд хор нь хүний биед нэвтэрвэл хэдхэн минутын дотор зүрх зогсоох аюултай байдаг. Эдгээр амьтад голдуу Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Австралийн хойд эргийн дулаан усанд амьдардаг байна.