NASA-ийн анхдагч төхөөрөмж Марс дээр амьдрал байх магадлалтай нотолгоо оллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
NASA Curiosity

NASA-ийн “Curiosity” анхдагч төхөөрөмж Марс гариг дээр органик молекулууд илрүүлсэн нь Нарнаас тоолоход дөрөв дэх гариг болох Улаан нүдэн гариг дээр амьдрал оршин байх магадлалтайг батлах хамгийн чухал нотолгоонуудын нэг гэж эрдэмтэд үзэж байна.

“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн туршилтын үр дүнгээс иш татан “Mirror” хэвлэл энэ талаар мэдээллээ. Илрүүлсэн молекулуудын дунд Дэлхий дээр амьдрал үүсэх үндэс болсон элементүүд, тэр дундаа ДНХ-ийн суурь бүтэцтэй төстэй азот агуулсан нэгдлүүд багтаж байгаа юм. Гэвч дараагийн шатны судалгаанууд зогсох аюулд ороод байна. Санхүүжилт дутагдсаны улмаас Марсаас дээж авчрах “Mars Sample Return” хөтөлбөрийг нэгдүгээр сард хаажээ. Өмнө нь NASA-ийн төсвийг танахаар оролдож байсан Цагаан ордны засаг захиргаа төсвийг дахин 23 хувиар бууруулах санал гаргаад байгаа бөгөөд гариг судлаачид энэхүү шийдвэрийг “туйлын харамсалтай” гэж нэрлэж байна.

Энэхүү судалгаанд оролцсон Флоридагийн их сургуулийн профессор Эми Уильямс тайлбарлахдаа, амьдралын шинж тэмдгийг эцэслэн батлахын тулд Марсын хөрсний дээжийг Дэлхийд авчрах зайлшгүй шаардлагатай гэв. Түүний хэлснээр, илэрсэн нэгдлүүд Марс дээр 3.5 тэрбум жилийн турш хадгалагдсаар иржээ.

Профессор “Марсын хөрсний дээд давхаргад нарийн бүтэцтэй органик нэгдлүүд хадгалагдаж үлдсэнийг бид одоо мэдлээ. Энэ нь амьдралыг тодорхойлогч индикатор болж чадах том, нарийн нэгдлүүдийг олж илрүүлэх асар их ирээдүйг нээж байна” хэмээн онцоллоо.

NASA Марс дээр амьдрал байх магадлалтай нотолгоо оллоо

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй