Ой, хээрийн түймрийн эрсдэлтэй бүсүүдэд хяналт, шалгалтын ажиллагааг эрчимжүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ой, хээрийн түймэр эрсдэл бүхий сумдад хөдөлгөөнт бүлэг, хяналтын цэг ажиллаж байна

Улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг шуурхай илрүүлж, тэмцэх зорилгоор хөдөлгөөнт бүлэг болон хяналтын цэгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг болон дөрвөн аймгийн 10 суманд түймрээс сэргийлэх 16 хөдөлгөөнт бүлэг үүрэг гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газрын хамтарсан 47 хөдөлгөөнт эргүүл дөрвөн аймгийн 42 сумын нутаг дэвсгэрт хяналт тавин ажиллаж байна.

Дээрх хяналт, шалгалтын ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Байгаль орчны газар болон орон нутгийн захиргааны нийт 334 алба хаагч дайчлагдаад байна. Тэд 59 тусгай зориулалтын автомашинтайгаар эрсдэлт бүсүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дөрвөн аймгийн 13 сумын нутагт 23 байнгын хяналтын цэг байршин, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байгааг албаныхан мэдээллээ.

2026 он гарсаар бүртгэгдсэн түймрийн статистик мэдээллийг авч үзвэл:

  • 2026.04.22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 63 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.
  • Түймрийн тохиолдол нийслэлийн 2 дүүрэг болон 10 аймгийн 35 сумын нутагт бүртгэгджээ.

Хуурайшилтын улирал үргэлжилж байгаа тул иргэд, малчид болон аялагчдыг ил задгай гал түлэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон сануулж байна. Хяналтын багийнхан түймрийн эрсдэлтэй бүсүүдэд зааварчилгаа өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй