БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотноо Азийн Олимпын Зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг “Элсний наадам” амжилттай үргэлжилж байна. Энэхүү томоохон наадамд тивийн 45 улсын 1,790 тамирчин спортын 14 төрөлд 62 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөхөөр цуглаад байгаа юм. Спортын энэ том баярт зохион байгуулагч БНХАУ-аас 170 тамирчин оролцож байгаа бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк улс 77 тамирчинтай хүч сорьж байна.
Манай улсаас спортын найман төрөлд 51 тамирчин оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолын хамгийн онцлох агшин нь Монгол Улсын багийн тугчдын сонголт байлаа. Багийн тугчаар волейболын спортын мастер Г.Хандсүрэн, гандболын тамирчин Г.Лхагвацэнд нар сонгогдсон юм. Г.Хандсүрэн нь Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин бөгөөд энэхүү үйл явдал нь спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Учир нь Дархан аварга Х.Баянмөнх одоогоос 58 жилийн өмнө буюу 1968 оны Меxикогийн олимпын наадамд Монгол Улсын туг барьж байсан түүхтэй. Ийнхүү спортын гэр бүлийн өвөө, ач охин хоёр тив, дэлxийн наадмуудын нээлтэд эх орныхоо тугийг залан оролцсон нь Монголын спортын түүхэн дэх нэгэн бахархалт залгамж халаа болон бүртгэгдлээ.
Наадамд оролцогч зарим орнуудын тамирчдын тоог дурдвал:
- Тайланд – 175 тамирчин
- БНХАУ – 170 тамирчин
- Филиппин – 101 тамирчин
- Хонконг – 84 тамирчин
- Шри Ланк – 77 тамирчин
Азийн элсний наадам анх 2008 онд Индонезийн Бали аралд эхэлж байсан бөгөөд 2010 онд Оманы Мускат, 2012 онд Хятадын Хайян, 2014 онд Тайландын Пукет, 2016 онд Вьетнамын Да Нанг хотод тус тус зохион байгуулагдаж байв. Цар тахлын улмаас 2020 оны зургаадугаар наадам хоёр ч удаа хойшлогдсоны эцэст цуцлагдсан хэдий ч ийнхүү 2026 онд Санья хотод товлогдон, амжилттай явагдаж байна.