Боловсролын салбарын шинэчлэлийн “замын зураглал”-ыг танилцуулах зорилготой “Мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” хэлэлцүүлэг өнөөдөр “Галерей Улаанбаатар” цогцолборт зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үед салбарын сайд Л.Энх-Амгалан орон нутгийн багш нарын хүртээмжийг нэмэгдүүлэх болон Боловсролын зээлийн сангийн (БЗС) эргэн төлөлтийг хангуулах чиглэлээр анхаарал татсан шийдвэрүүдийг танилцуулсан юм.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
Зээлээ төлөөгүй иргэдийг хөдөө томилно
Боловсролын сайд орон нутагт ажиллах мэргэжлийн боловсон хүчний асуудлыг хөндөхдөө БЗС-гаас зээл авч гадаад, дотоодод суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа иргэдэд хандаж хатуу сануулга өглөө. Тэрбээр:
“Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гаас зээл аваад төлөхгүй байгаа нөхдийг хөдөө орон нутаг руу багшаар явуулна”
хэмээн мэдэгдэв. Түүнчлэн олон улсын түвшний боловсрол эзэмшсэн залуусын эерэг жишээг дурдаад, зээлийн өртэй иргэдийг ч мөн ийм замаар нийгэмд тустай ажил хийлгэх шаардлагатайг онцолсон юм. Сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:
“Баруунд боловсрол эзэмшсэн залуус хөдөө орон нутагт очиж багшилж байгаа. Одоо БЗС-аас зээл авч сураад зээлээ төлөхгүй байгаа нөхдийг хөдөө орон нутагт багшаар явуулъя. Хөдөө очиж ажиллаад зээлээ төл. Орон нутагт ажилласнаар нь төлбөрийг нөхөн тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлье” гэв.
Улсын хэмжээнд тулгараад байгаа багшийн хүрэлцээгүй байдлыг нөхөх нь салбарын яамны тэргүүлэх чиглэл байх болно гэдгийг тэрбээр тэмдэглэв. Одоогийн байдлаар сургуулиудад багш нарын нөөц ямар байгаа талаар дараах тоон мэдээллийг өглөө:
- Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,742 багшийн орон тоо дутагдалтай байна.
- Төрөөс сургалтын төлбөрийг нь 100 хувь дааж, өнгөрсөн хугацаанд 5,000 орчим багш бэлтгэсэн.
- Гэвч эдгээр бэлтгэгдсэн багш нарын 50 хувь нь өдгөө боловсролын салбарт ажиллахгүй байна.
Сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:
“Багшийн дутагдлыг нөхөх ажлуудыг онцолж хийнэ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,742 багшийн дутагдал байгаа. ЭЕШ-даа өндөр оноо авсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даадаг. Өнгөрсөн хугацаанд 5,000 орчим багшийг ингэж бэлдсэн юм билээ. Гэхдээ эдгээр багшийн 50 хувь нь өнөөдөр салбартаа байхгүй байна. Энэ багш нараа олж авчирна. Тэд буцаж ирэхгүй бол төрөөс гаргасан зардлыг нь төлүүлнэ”
хэмээн байр сууриа илэрхийлэв. Энэхүү алхам нь татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг зориулалтын дагуу ажиллуулах, салбарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа ажээ.