НИТХ: “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг эхлүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Нямбаатар

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит чуулган өнөөдөр өглөө 10:00 цагт Яармаг дахь Хангарди ордонд товлогдсон байлаа. Уг хуралдаанаар Улаанбаатар хотын амин судас болсон Туул голын экосистемийг хамгаалах чиглэлээр “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх болон “Туулын хурдны зам” төслийн явцын талаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөж байжээ.

Гэвч улс төрийн намуудын бүлгүүд байр суурийн зөрүүтэй байгаагаас үүдэн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тодруулбал, НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс уг хөдөлгөөнийг өрнүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах хүсэлт ирүүлсэн нь хурал саатах гол шалтгаан болжээ. Нөгөө талд, МАН-ын бүлгийн төлөөлөгчид төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, хуралдааныг нэн даруй эхлүүлэхийг шаардан танхимдаа хүлээсээр байна.

Тогтоолын төсөл ба хэрэгжүүлэх арга хэмжээ

Хотын дарга Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан “Туул голоо аваръя” тогтоолын төсөл нь таван үндсэн заалттай бөгөөд нийслэлийн удирдлагад даалгасан дараах гол арга хэмжээнүүдийг тусгажээ:

  • Голын голдирол, татам болон хамгаалалтын бүсийн дэглэмийг чанд мөрдүүлж, байгалийн унаган төрх нь алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийх.
  • “Туул усан цогцолбор төсөл”-ийн судалгааг гүйцэтгэж, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, үерийн аюулаас сэргийлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэх.
  • Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй лаг хагшаасыг цэвэрлэж, голд нийлүүлж буй цэвэршүүлсэн усны чанарыг стандартад нийцүүлэх.
  • Хүнс үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарын аж ахуйн нэгжүүдийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болоход нь санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх.
  • Усны нөөцийн зохистой хэрэглээнд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх.

Уг хөдөлгөөнийг 2026-2030 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн төгсгөлд НИТХ-д тайлагнаж байхыг Засаг даргад үүрэг болгосон байна.

Нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд

Хөдөлгөөний хүрээнд Туул голын сав газар дахь хяналт шалгалтыг чангатгаж, олон жил хуримтлагдсан зөрчлүүдийг арилгахаар төлөвлөжээ. Үүнд:

  1. Стандарт бус нүхэн жорлон: Хамгаалалтын бүсэд байрлах 35,795 нэгж талбарт байгаа нүхэн жорлонг буулгаж, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих ажлыг үе шаттай зохион байгуулна.
  2. Уул уурхайн хяналт: Голын сав дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгжийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хатуу хяналт тавина. Өнөөдрийн байдлаар үүнээс 43 нь идэвхтэй олборлолт явуулж байна.
  3. Лаг цэвэрлэгээ: Хан-Уул дүүргийн 12-р хорооноос Алтанбулаг сум хүртэлх хэсэгт хуримтлагдсан лагийн хэмжээг тогтоож, цэвэрлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Нийслэлийн зүгээс уг хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж төдийгүй олон улсын байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар бодит ажлууд эхлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй