Францын тэргүүн хатагтай Брижит Макрон Елисейн ордон дахь амьдрал нь заримдаа түүнд хүнд дарамт болдог талаар илэн далангүй ярьсан байна. Тэрээр энэ тухайгаа La Tribune Dimanche хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Заримдаа надад цэлмэг хөх тэнгэрийг олж харахад ч бэрх санагддаг…” хэмээн тэрээр өгүүлсэн байна. Тэргүүн хатагтайн хэлснээр, түүнд өмнө нь хэзээ ч төрж байгаагүй “гутранги үзэл, сэтгэл гонсойх мэдрэмжүүд” үе үе төрөх болсон гэнэ.
“Өмнө нь би хүн бүрийн адил хүүхдүүд, ажил төрөл, баяр баясгалан, гуниг зовлон хосолсон энгийн амьдралаар амьдардаг байлаа. Гэтэл сүүлийн арван жил дэндүү хурдан өнгөрчээ. Энэ хугацаа маш их үйл явдлаар дүүрэн байлаа. Би ертөнцийн харанхуй тал, мунхаг байдал, хорон санааг олж харсан. Заримдаа би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их уй гашууг мэдэрдэг” хэмээн Макрон хатагтай халаглан ярьжээ.
Брижит Макрон (төрөхөд нь өгсөн овог Тронье) 1953 онд нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг гэр бүлд мэндэлсэн бөгөөд зургаан хүүхдийн хамгийн бага нь юм. Тэрээр 21 насандаа банкны ажилтан Андре Луи Озьертой гэрлэж, гурван хүүхдийн ээж болжээ.
Харин Эммануэль Макронтой тэрээр Амьен хотын лицейд франц болон латин хэлний багшаар ажиллаж байхдаа танилцсан түүхтэй. Хосуудын харилцаа Макроныг 16 настай байхад эхэлсэн бөгөөд тэд хоорондоо 24 насны зөрүүтэй билээ.