Токио цөмийн зэвсгийн талаарх олон жилийн байр сууриа шинэчлэхээр зэхэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Япон цөмийн бодлогоо эргэн харна

Японы Засгийн газрын дэргэдэх шинжээчдийн баг тус улсын аюулгүй байдлын суурь үзэл баримтлалыг шинэчлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд цөмийн зэвсэг үйлдвэрлэх, эзэмших болон гаднаас нэвтрүүлэхийг хориглодог олон жилийн хатуу заалтад өөрчлөлт оруулах санал боловсруулж, ирэх намар танилцуулах аж. Киодо агентлагийн мэдээлснээр, албан ёсны шийдвэрийг энэ оны сүүл гэхэд гаргахаар төлөвлөжээ.

Стратеги чадавхыг бэхжүүлэх зорилт

Шинжээчдийн зөвлөлийн анхны уулзалтын үеэр Ерөнхий сайд Санаэ Такаичи Зэвсэгт хүчнийхээ алсын зайн болон урт хугацааны байлдааны чадварыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болохыг санууллаа. Тэрбээр “Зэвсэгт хүчнийхээ урт хугацаанд цэргийн ажиллагаа явуулах нөөц чадавхыг бэхжүүлэх шаардлагатай” хэмээгээд далайн тээврийн аюулгүй байдал, кибер орон зайн хамгаалалт болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шинэлэг стратеги хэрэгтэйг тэмдэглэв.

Цөмийн тогтоон барих хүч ба шинэ санаачилгууд

Зөвлөлийн гишүүдийн зарим нь Япон болон АНУ-ын батлан хамгаалах эвслийн хүрээнд цөмийн тогтоон барих хүчийг улам чангатгах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Түүнчлэн энэхүү хэлэлцүүлгийн үеэр Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчнийг цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцоор хангах боломжийг нухацтай судалж үзэх санал гарсан нь олны анхаарлыг татаж байна.

Батлан хамгаалахын төсөв ба эрх мэдэл

Тус зөвлөл нь улсын батлан хамгаалахын төсвийн дээд хэмжээг тогтооход мэргэжлийн зөвлөмж өгөх бүрэн эрхтэй юм. Өмнө нь Ерөнхий сайд Санаэ Такаичи Японы цэргийн зардал ДНБ-ий хоёр хувьд хүрсэн нь стратегийн ач холбогдолтой алхам болсныг дурдаж байсан билээ. Энэхүү төсвийн өсөлт нь бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдаж байгааг шинжээчид онцолдог.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй