2026 оны хурдан морины бүсийн уралдааны тов болон байршил тодорхой боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хурдан морины бүсийн уралдааныг таван аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор зарим аймгийн баяр наадмын хугацааг эцэслэн баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах байршлуудыг шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь морь сонирхогчид болон уяачдын дунд хүлээлт үүсгээд байсан томоохон арга хэмжээнүүдийг нэгдсэн хуваарьт оруулж буй хэрэг юм.

Уг тогтоолын дагуу таван бүсийн хурдан морины уралдааныг дараах байдлаар зохион байгуулахаар тогтлоо. Үүнд:

  • Говийн бүсийн уралдаан: Дундговь аймагт долоодугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд;
  • Баруун бүсийн уралдаан: Завхан аймагт долоодугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд;
  • Зүүн бүсийн уралдаан: Сүхбаатар аймагт долоодугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд тус тус болно.

Мөн түүхт ойтойгоо золгож буй аймгуудад хангай болон төвийн бүсийн уралдааныг баяр наадамтай нь хамтатган тэмдэглэхээр болжээ. Тодруулбал, Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг Хангайн бүсийн уралдаантай уялдуулан долоодугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулна. Харин Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг Төвийн бүсийн уралдаантай хамтатган долоодугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Засгийн газрын зүгээс энэхүү бүсийн уралдаануудыг аймгуудын наадамтай нягт уялдуулахдаа Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэснээр зохион байгуулалт болон аюулгүй байдлыг хангах, наадамчин олныг нэгдсэн мэдээллээр хангах боломж бүрдэж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй