Билли Айлишийн тоглолтыг “Аватар”-ын найруулагч 3D кино болгон амилууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Билли Айлиш тоглолтынхоо дүрсийг Жэймс Камеронтой хамтран, 3D кино болгожээ

Поп ертөнцийн супер од Билли Айлиш болон Холливудын домогт найруулагч Жэймс Камерон нар хамтран нэгэн өвөрмөц төслийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тэд дуучны өнгөрсөн онд Манчестер хотод хийсэн тоглолтыг “Billie Eilish – Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)” нэртэйгээр бүрэн хэмжээний 3D кино болгон хувиргасан байна.

Уг бүтээл ирэх тавдугаар сарын 8-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийхээр товлогдсон бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Лондон хотноо кино шүүмжлэгчид, сэтгүүлчид болон тусгай зочдод зориулсан урьдчилсан үзвэрийг толилуулжээ. Билли Айлиш энэхүү киног өөрийн аялан тоглолтыг биеэр үзэж амжаагүй олон сая шүтэн бишрэгчдээ зориулсан томоохон бэлэг хэмээн тодорхойлж байна.

“Титаник”, “Аватар” зэрэг кино урлагийн сор бүтээлүүдийг туурвисан Жэймс Камерон өнгөрсөн жил болсон “Hit Me Hard And Soft” аялан тоглолтын үеэр дөрвөн шөнийн турш 3D камераар зураг авалт хийж, тоглолтын агшин бүрийг бодит мэтээр дэлгэцнээ буулгасан байна. Энэ нь үзэгчдэд тоглолтын дундуур, тайзан дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц дэвшилтэт технологиор бүтээгджээ.

Лондон хотод болсон урьдчилсан нээлтийн үеэр Билли Айлиш сэтгэгдлээ хуваалцахдаа “Манчестер хотын үзэгчид бол миний хамгийн дуртай фенүүдийн нэг. Би тэдэнд маш их хайртай” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Сонирхолтой нь, тус киноны найруулагч болон продюсерын үүргийг Билли Айлиш, Жэймс Камерон нар хамтран гүйцэтгэсэн нь уран бүтээлчдийн хувьд шинэлэг туршилт болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй