Том Харди эрүүл мэндийн асуудлын улмаас кино урлагаас урт хугацаагаар чөлөө авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Том Харди

Холливудын алдартай жүжигчин, өдгөө 48 настай Том Харди эрүүл мэндийн ноцтой асуудлын улмаас кино урлагаас түр хөндийрөхөөр болжээ.

Энэ талаар “Daily Mail” хэвлэлийн эх сурвалж мэдээлсэн байна. Тэрээр саяхан “Гангстерленд” (Gangsterland) цувралын хоёрдугаар улирлын зураг авалтыг дуусгасан бөгөөд үүний дараа карьертаа хэдэн жилийн хугацаатай завсарлага авахаар шийджээ.

Түүний ийм шийдвэр гаргах болсон гол шалтгаан нь амралт болон бие махбодоо эрүүлжүүлэх явдал юм. Том Харди дүрүүддээ бэлдэх, кино зураг авалтын үеэр болон тулааны урлагийн тэмцээнүүдэд оролцохдоо олон удаагийн бэртэл гэмтэл авч байсан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ. Тэрээр өмнө нь өгсөн ярилцлагадаа “Бие минь хэсэг хэсгээрээ салж унаж байна, байдал дээрдэхгүй байна” хэмээн ярьж байсан удаатай.

Мөн жүжигчин залуу энэхүү завсарлагыг зөвхөн биеэ эмчлэхээс гадна гэр бүл, эхнэр, хүүхдүүддээ цаг гаргахад зориулахыг хүсэж байгаа аж. Том Харди нь Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг тул ихэнх цагаа зураг авалтын талбай дээр өнгөрүүлдэг байсан бол одоо ойр дотныхонтойгоо хамт байх боломж бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй