Ч.Лодойсамбуу: Хотын дарга Х.Нямбаатар хариуцлага хүлээж, огцрох ёстой

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ч.Лодойсамбуу

Ардчилсан намын уламжлалт “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нийслэл хотыг тойрсон улс төр, эдийн засгийн ноцтой асуудлуудаар мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын удирдлагуудын үйл ажиллагаа болон төсвийн зарцуулалтад шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн баримтыг дэлгэсэн юм.

Ч.Лодойсамбуу гишүүний хэлснээр, Туулын хурдны замын асуудлыг шалгах зорилготой Хянан шалгах түр хороо байгуулах санаачилга эрх баригч намын дотоод зөрчил, тохиролцооноос үүдэн зогссон байна. Х.Ганхуяг гишүүн эхлүүлсэн гарын үсэг зурах ажиллагаанаасаа ухарсан нь эрх баригчдын нэгнийгээ айлгаж, улмаар тохиролцоонд хүрдэг хуучинсаг арга барилтай холбоотой гэж тэрбээр тайлбарлав.

Сошиал медиа ба хууль сахиулах байгууллагын хамаарал

Төрийн ажил сошиал сүлжээний шуугианаар явагддаг болсонд тэрбээр сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ. Хууль хяналтын байгууллагууд бодит баримтад тулгуурлаж ажиллахын оронд олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг дагаж мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг болсон нь буруу жишиг болохыг сануулсан юм.

Төсвийн 500 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан тодорхой баримтууд байгааг Ч.Лодойсамбуу онцоллоо. Туулын хурдны замыг гүйцэтгэхээр сонгогдсон Хятадын компанийн санхүүгийн баталгааны хуудас нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бөгөөд үүнийг “бүлэг залилан” гэж нэрлэж болохоор байгааг тэрбээр хэлэв. Мэргэжлийн санхүүгийн мэдлэгтэй хүн харахад л илэрхий байгаа энэ асуудалд хуулийнхан шударгаар хандахыг уриаллаа.

Хотын дарга ажлаа өгөх цаг болсон уу?

Төсвийн асар их хөрөнгийг үрэн таран хийсэн Хотын дарга Х.Нямбаатар өөрөө сайн дураараа огцрох ёстой” хэмээн тэрбээр мэдэгдэв. Орлогч Т.Даваадалайгаа урдаа барьж хаалт хийж байгаа нь хариуцлагаас зугтаж буй хэрэг хэмээн шүүмжлээд, асар их хохирол учруулсан нь баримтаар ил байгаа тул өөрөө шалгуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Тендерийн хуулиар банк эсвэл даатгагч баталгаа гаргах ёстой байтал “Мөнх даатгал” компани зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж оролцсон нь залилангийн шинжтэй гэв. “China Highway” компанийн ажлаа гүйцэтгэх баталгааг “Жанбан инженеринг” гэх компаниар гаргуулсан нь мэргэжлийн бус үйлдэл болохыг тэрбээр “100 айл” дээрх хувь хүмүүсийн тохиролцоотой адилтган тайлбарласан юм.

Өрийн дарамт ба хязгааргүй эрх мэдэл

Нийслэлийн төсөв 2016 оноос хойш бараг найм дахин нэмэгдэж, 4 их наяд төгрөгт хүрсэн ч Улаанбаатар хот өнөөдөр 7 их наяд төгрөгийн өртэй болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш нийслэлийн удирдлагуудад татвар, төсөв, зээл авах онцгой эрх мэдлийг олгосон нь дур зоргоороо аашлах, өрийн сүлжээ үүсгэх суурь болсон хэмээн Ч.Лодойсамбуу дүгнэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй