Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг Хужиртыг бусад сумтай хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Үүний нэг хэсэг болох Хужирт-Бат-Өлзий чиглэлийн 49 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусчээ.
Уг замын ажлыг “Моторсервис” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Ингэснээр Улаанбаатар хотоос Бат-Өлзий сум хүртэл засмал замаар зорчих нөхцөл бүрдэж, Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд зэрэг аялал жуулчлалын бүсэд илүү тав тухтай, шуурхай хүрэх боломжтой болжээ.
Мөн улсын чанартай А0301 авто замаас буюу Өлзийтийн Борхошуу баг орчмоос Хужирт сум хүртэлх 43.3 км авто замын ажил үргэлжилж байна. Одоогоор тус ажлын гүйцэтгэл 45 хувьтай бөгөөд гүйцэтгэгч компаниуд хөрс хуулалтыг хийж, ухмал, далан, хиймэл байгууламжийн ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Замын ажлын мэдээлэл:
- Хужирт-Бат-Өлзий чиглэлийн зам — 49 км
- Гүйцэтгэгч — “Моторсервис” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК
- Санхүүжилт — улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөг
- А0301 авто замаас Хужирт хүртэлх зам — 43.3 км
- Гүйцэтгэл — 45 хувь
- 2026 оны улсын төсөвт тусгасан хөрөнгө — 38.5 тэрбум төгрөг