Монгол Улсын зүүн бүсэд 65 жилийн турш бараг үзэгдээгүй хулангийн сүрэг дахин ирж, Дорнод Монголын нутагт тогтвортой нутагших шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Энэ талаар Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) ТББ мэдээлсэн байна.
Байгаль хамгааллын “Oryx” сэтгүүлийн энэ сарын дугаарт дурдсанаар хойд хилээс урд хил хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замын зүүн хэсэгт хулангийн хэд хэдэн сүрэг тогтмол харагдах болжээ. Хулан өмнө нь Баруун Монголын говиос Дорнод Монголын тал хүртэл өргөн уудам нутагт тархаж байсан ч XX зууны дундуур Транс-Монголын төмөр зам баригдсанаар нүүдэллэн амьдардаг амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, дорнод бүсэд үзэгдэхээ больсон байна.
Монгол Улсын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг уг асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллажээ. Үүний хүрээнд 2025 оны тавдугаар сард Монгол, БНХАУ-ын хилийн ойролцоо зэрлэг амьтдыг аюулгүй нэвтрүүлэх төмөр замын хашаагүй бүс байгуулсан байна.
Энэхүү арга хэмжээний дараа хулангийн сүрэг төмөр замыг даван нүүдэллээд зогсохгүй зүүн бүсийн нутагт сүрэглэн амьдарч эхэлсэн нь тогтоогджээ. Энэ нь Дорнод Монголын тал нутагт хулангийн популяци сэргэх боломж бүрдэж буйг харуулж байна.
Хулангийн популяцид нөлөөлж буй гол хүчин зүйлс:
- Амьдрах нутаг дэвсгэрийн хумигдал
- Малын тоо толгойн өсөлт
- Хууль бус агнуур
- Уур амьсгалын өөрчлөлт
Одоогоор дэлхийн хулангийн нийт тоо толгойн 84 хувь буюу 91 мянга гаруй бодгалиас бүрдэх хамгийн том популяци Монголын говьд байна. Гэвч дээрх хүчин зүйлс хулангийн сүрэгт эрсдэл учруулсан хэвээр байгаа юм.