Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот. Монгол үндэсний малгай, дээл, бүс, гутал нь зөвхөн өдөр тутмын хэрэгцээ төдийгүй, гүн утга, билэг бэлгэдлийг агуулсан уламжлалт соёлын үнэт зүйлс юм. Монголчууд эртнээсээ эдгээрийг мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал хэмээн хүндэтгэн хэрэглэж иржээ.
Малгай – Мандах төрийн бэлгэдэл
Монгол үндэсний малгай нь хүний биеийг төртэй адилтган, эрхэмсэг, мандан бадарч явахын билэгдэлтэй. Шовгор оройтой, хурц шулуун хэлбэртэй нь харилтгүйн утгыг агуулдаг. Монгол ястан бүр өөрийн онцлог бүхий олон төрлийн малгай хийж ирсэн бөгөөд эдгээр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж ангилагдахаас гадна гоёлын, өдөр тутмын, ёслолын гэж төрөлждөг.
Дээл – Тэгш төрийн утга агуулна
Монгол дээлийг тэгш төрийн дээл хэмээн хүндэлдэг. Энэ нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байлгахыг бэлгэддэг. Монгол оронд оршин суудаг 20 гаруй ястан 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд эрэгтэй, хүүхдийн дээл ойролцоо байдаг бол эмэгтэйчүүдийн дээл илүү нарийн хийцтэй, ялгаатай байдаг.
Бүс – Бүтэх төрийн хүч
Монгол хүний бүс нь бүтээх, бататгах, эвлүүлэх утга агуулдаг бөгөөд дээлийн бүсийг эр хүний хийморь лундаа, буян хураах билэгдлийн чухал хэсэг гэж үздэг. Бүсийг нар зөв нэг эргүүлж, үзүүрийг баруун ташаандаа хавчуулан бүслэдэг уламжлалтай.
Гутал – Түших төрийн бэлгэ тэмдэг
Монголчууд эртнээсээ арьсан түрийтэй, ширмэл ултай, ээтэн хоншоортой гутлыг байгаль дэлхийгээ хүндэтгэх, хөрс шороогоо эвдэхгүй байх зорилготойгоор хэрэглэж иржээ. Монгол гутал нь угалзныхаа тоогоор нэрлэгдэх бөгөөд 8-32 угалзтай байх нь түгээмэл. Мөн хэлбэр, хийцээрээ монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоохуу, бөхийн гутал гэх мэт төрөлждөг.
Монгол үндэсний дээл хувцас, малгай, гутал, бүс зэрэг нь байгаль, амьдралын хэв маяг, нийгмийн журамтай нягт уялдсан гүн гүнзгий бэлгэдэлтэй, үе дамжин өвлөгдсөн үнэт соёлын нэг билээ.
