“UB Food Festival-2026” энэ сарын 17-26-нд төв талбайд болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“UB Food Festival-2026” энэ сарын 17-26-нд төв талбайд болно

Монгол болон дэлхийн олон орны хоолны соёлыг нэг дороос танилцуулах зорилготой “UB Food Festival-2026” олон улсын хоолны өдөрлөг дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэ удаагийн арга хэмжээнд ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага оролцож, 18 улсын нэрийн хоолыг иргэд болон жуулчдад санал болгох юм. Өдөрлөгийн үеэр монгол үндэсний хоолноос гадна Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг орны төрөл бүрийн хоол, зууш, кофе, амттанг нэг дороос амтлах боломж бүрдэх аж.

Хоолноос гадна шоу, үзүүлбэр, тэмцээнүүд болно

“UB Food Festival-2026” нь зөвхөн хоол амтлуулах арга хэмжээ биш юм. Хөтөлбөрийн хүрээнд шилдэг тогооч нарын тусгай үзүүлбэрүүд болохоос гадна асар бүр өөрсдийн онцлог хоол, бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

Мөн амьд хөгжмийн тоглолт, урлагийн үзүүлбэрүүдээс гадна хоолтой холбоотой төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж, үзэгчдэд илүү өргөн агуулгатай арга хэмжээ болохоор төлөвлөжээ. Ийнхүү нийслэлийн төв талбайд арав хоног үргэлжлэх энэ фестиваль нь хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ хотын иргэд, гадаадын зочдод олон улсын амт, өнгө төрхийг ойроос мэдрэх боломж олгох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй