АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд өчигдөр болсон халдлагын улмаас Израилийн элчин сайдын яамны хоёр ажилтан буудуулж амь насаа алдлаа. Хохирогчид болох Израилийн иргэн Ярон Лишинский болон АНУ-ын иргэн Сара Линн Милгрим нар хоорондоо гэрлэхээр төлөвлөж байсан, залуу хос байжээ.
Хосууд “Capital Jewish Museum” музейд болох арга хэмжээнд оролцохоор явж байх үедээ халдлагад өртсөн бөгөөд халдлага үйлдсэн этгээд “Палестинд эрх чөлөө” хэмээн хашхирчээ. Хэрэг явдал болсон газар Цагаан ордноос ердөө 1.6 км зайтай оршдог бөгөөд халдлага улс төрийн шалтгаантай, хэт даврагч үзэлтэй холбоотой байсан нь тодорхой болоод байна.
Хэрэгтэн болох Чикаго хотын 30 настай оршин суугч Элиас Родригесийг цагдаа нар хэргийн газраас саатуулж, урьдчилан төлөвлөж гүйцэтгэсэн хоёр удаагийн аллага, гадаадын дипломат ажилтны амь насанд халдсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан бөгөөд уг халдлагыг “жүүдийн эсрэг үзлийн ил тод илэрхийлэл” хэмээн мэдэгдсэн байна. Нетаньяху мөн өчигдөр хийсэн мэдэгдэлдээ антисемитизм буюу жүүдийн эсрэг үзэл дэлхий даяар эрчимжиж буйд зарим улсын гадаад бодлого нөлөөлж байгааг онцлон Франц, Их Британи, Канад зэрэг орнуудыг буруутгасан. Эдгээр улс Израилийн Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг шүүмжилж, зогсоохыг уриалж ирсэн юм.
Гэсэн ч дээрх орнууд уг халдлагыг хамгийн түрүүнд эрс буруушаасан ба олон улсын тавцанд хариуцлагатай байр суурь илэрхийлсэн байна.
Хохирогчид нь Америкийн Жүүдийн Хорооноос зохион байгуулдаг жил бүрийн хөтөлбөрт оролцож байсан бөгөөд залуу мэргэжилтнүүд, дипломат ажилтнуудад зориулсан арга хэмжээнд оролцохоор явж байжээ. Лишинский нь судлаач, Милгрим нь олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан аж. Израилийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Лишинский нь загалмайн шашин шүтдэг, Германы иргэншилтэй байжээ.