«Усны ослоор долоон хүүхэд амиа алдсан»

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"Усны ослоор долоон хүүхэд амиа алдсан"

Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газар-аас өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум болон нийслэлийн гурван дүүрэгт нийт 121 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүгээр ч зогсохгүй, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр-ын ахлах удирдлага дор 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Ш.Анхтуяа, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга: «Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослоор нас барсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн долдугаар сард амь насаа алдсан байна. Он гарсаар нийт 38 усны осол бүртгэгдэж, 10 хүний амь насыг авран хамгаалжээ. Түүнчлэн энэ онд усны ослоор 16 том хүн, 7 хүүхэд амиа алдаад байна» гэж мэдэгдлээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал мөн энэ сарыг дуустал Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байхыг мэдэгдсэн байна. Түүнчлэн, 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг аадар бороо орно гэж онцолсон юм.

Тус газраас иргэд, аялагчдад гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment