Иран, Израил хоёрын хооронд 12 хоног үргэлжилсэн дайны гал зогссон байна. Израилын тал дайн эхлэхэд оновчтой пуужингийн цохилт өгч, цэргийн өндөр албан тушаалтай олон хүнийг хөнөөсөн билээ. Тэдний байршил, хөдөлгөөний маршрутыг Израилын арми сайн мэдэж байсан бөгөөд энэ нь гаднын тагнуулуудтай холбоотой гэж Иран тал мэдэгдсэн байна.
Дайн эхэлснээс хойш Иранд тагнуулын хэргээр нийт 700 хүн баривчлагдаж, өнгөрсөн Ням гарагаас тэднийг цаазалж эхэлсэн байна.
Ираны Fars News агентлагаас мэдээлснээр, «Израилын довтолгоо эхэлснээс хойш Иранд сионист дэглэмийн тагнуулын үйл ажиллагаа маш идэвхжсэн. Одоогийн байдлаар таван хүн цаазлагдсаны гурвыг нь өчигдөр өглөө цаазалсан. Нэр нь Идрис Али, Азад Шожай, Расул Ахмад Расул. Мохаммад-Амин Махдави Шайстех Ням гарагт, Мажид Мосайби Даваа гарагт цаазлагдсан» гэжээ.
Тэднийг эх орноосоо урвасан, Ираны өндөр албан тушаалтнуудыг хөнөөхөд ашиглахаар төхөөрөмжийг нууцаар Иранд оруулсан хэрэгт ялласан юм.
Хүний эрхийг хамгаалагч Amnesty International байгууллагын мэдээлснээр, баривчлагдсан 700 хүний ихэнх нь цаазлагдах магадлал өндөр байгаа гэнэ. Өнгөрсөн 12 хоногийн дайнд Ираны Тагнуулын алба хангалтгүй ажилласан нь харагдсан бөгөөд иймд дэлхий дахинд өөрсдийгөө ил тод харуулахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. Израилын тагнуулуудыг барихын тулд тусгай албанаас гадна сайн дурын хүчин, армийг ашиглаж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
Ираны Шүүхийн дарга Голясм-Хосейн Мохсени-Эжеи хэд хоногийн өмнө «Дайн болж байхад ямар нэг саатал, удах явдал байж болохгүй. Бид нэг хэрэг дээр хэдэн сар, өдөр ажиллахгүй. Маш хурдан шуурхай шийдвэрлээд явна» гэж мэдэгдсэн байна.