Монголын тамирчдын 89 жилийн бахархалт өдөр тохиолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын тамирчдын 89 жилийн бахархалт өдөр тохиолоо

Монголын тамирчдын өдрийг энэ жил 89 дэх удаагаа зургадугаар сарын 27-нд Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэлээ. Энэхүү ёслолд тив, дэлхий, олимпын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан үе үеийн алдартнууд нэгдэн цугларсан бөгөөд Спорт, соёл, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт болон албаны төлөөллүүд хүрэлцэн ирж, тамирчиддаа талархал илэрхийлсэн юм.

ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын салбарын төрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь бидний гол зорилго. Ард иргэдээ эрүүл, зөв дадалтай болгон төлөвшүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмжих үүднээс зөвлөгөө, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Иргэдийг өөрийн идэвхтэй хөдөлгөөн, спортын амьдралд уриалах нь чухал” хэмээн онцоллоо.

Спортын салбарынхан энэ өдрийг угтан 2025 оны эхний хагас жилийн амжилтаа дүгнэжээ. Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт нийт 133 арга хэмжээ зохион байгуулагдаж, 1,636 байгууллагын 108,084 иргэн оролцсон байна. “Иргэдийн спортын их наадам”-ыг бүсчилсэн байдлаар хангай, хойд, говь, төвийн бүсэд дөрвөн үе шаттай явуулж, нийт 23,609 иргэнийг хамруулжээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сард 19 алт, 31 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн нь нийт 92 медальтай тэнцэж, амжилтын үзүүлэлт өндөр байгааг харуулж байна.

Мөн Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хүрээнд Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмыг “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хоёр үе шаттайгаар зохион байгуулж, 31 төрлийн спортын төрөлд 15 мянга гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс шигшээ шатанд шалгарсан 6120 тамирчин 286 багц медалийн төлөө өрсөлджээ.

“Биеийн тамир, спортын улсын үзлэг тооллого-2024”-ийн хүрээнд гаргасан захиргааны статистик мэдээгээр улсын хэмжээнд 2020 онд 1089 спорт заал, 859 гадаа талбай ашиглагдаж байсан бол 2025 оны эхний хагас жилийн байдлаар энэ тоо 1265 спорт заал, 1127 гадаа талбай болон өсч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин улам сайжирч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment