“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд 11 мянга гаруй хүн нэгджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон

Нийслэл хотын нэрийн хуудас болсон “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 11 мянга гаруй иргэн албан ёсоор бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа цахим орчинд идэвхтэй үргэлжилж байгаа юм.

Марафонд хүч сорихыг хүссэн иргэд www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод хандан гүйлтийн бэлтгэлээ эртнээс базааж, эрүүл мэнд болон аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг зөвлөж, дараах зааварчилгааг хүргэж байна.

  • Тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэх: Марафонд оролцохын өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийх нь хамгийн чухал бөгөөд алсын зайг аажмаар нэмэгдүүлж, биеэ ачаалалд дасгах нь гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлийг сайжруулна.
  • Шингэний дутагдлаас сэргийлэх: Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь тэсвэр, эрч хүчид шууд нөлөөлдөг тул маршрут дагуух усны цэгүүдийг ашиглан тогтмол ус ууж, биеэ сэргэг байлгах хэрэгтэй.
  • Хувцас, хэрэглэлээ зөв сонгох: Гүйлтийн гутал, хувцас нь таны тав тух, амжилтад чухал нөлөөтэй тул өмнө нь өмсөж дассан, биед эвтэйхэн хэрэглэлийг сонгож, тэмцээний өдөр шинэ зүйл туршихаас зайлсхийхийг зөвлөж байна.

Тэмцээний өдөр ойртож буйтай холбогдуулан тамирчид өөрийн гүйх зайн онцлогт тохирсон төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй. Ийнхүү бэлтгэлээ зөв хангаж, мэргэжлийн зөвлөгөөг дагаснаар “Улаанбаатар марафон 2026”-д амжилттай оролцож, барианд хүрэх боломж бүрдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй