К.Рональдо 42 нас хүртлээ Аль-Насрт үлдэнэ: Шинэ гэрээг үзэглэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
К.Рональдо 42 нас хүртлээ Аль-Насрт үлдэнэ: Шинэ гэрээг үзэглэлээ

Португалийн хөлбөмбөгийн домогт тоглогч Криштиану Рональдо Саудын Арабын “Аль-Наср” клубтэй шинэчилсэн гэрээ байгуулж, 42 насныхаа төрсөн өдөр хүртэл тус багт үлдэхээр боллоо. Өдгөө 40 настай супер одын өмнөх гэрээ энэ сарын сүүлээр дуусах байсан ч олон нийтийн таамаг төгсгөл болсонгүй — түүний карьер үргэлжилж байна.

К.Рональдо 2022 оны 12-р сард Манчестер Юнайтед клубыг орхин, Эр-Рияд хотод төвтэй Аль-Наср багт элссэн. Тухайн үед тэрээр олон нийтийн сүлжээнд Манчестер Юнайтедын нөхцөл байдлыг шүүмжилж, дасгалжуулагч Эрик тен Хагийг “огтхон ч хүндэлдэггүй” хэмээн шуудхан мэдэгдэж байсан юм.

Түүний шинэ гэрээ хоёр жилийн хугацаатай бөгөөд энэхүү гэрээг үзэглэснээ батлахдаа Рональдо өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа:

“Шинэ бүлэг эхэлж байна. Ижил хүсэл тэмүүлэл, нэг мөрөөдөл. Хамтдаа түүхийг бүтээцгээе”
гэж бичсэн байна.

Аль-Наср баг Рональдотой дотоодын аваргын алтан медалийг авч чадаагүй ч түүний довтолгооны гайхамшигт амжилт хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрбээр өнгөрсөн улиралд нийт 41 тоглолтод оролцож, 35 гоол оруулан хоёр жил дараалан лигийн мэргэн буучаар тодорсон юм.

Түүний Аль-Насрт хийсэн замналын статистик:

  • Нийт 111 тоглолт
  • 99 гоол
  • Мэргэн буучаар 2 улирал дараалан шалгарсан

К.Рональдо “1000 гоол”-ын амбийцдаа улам ойртож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар клуб болон улсынхаа шигшээ багийн төлөө нийт 938 гоол оруулаад байна. Түүнчлэн тэрээр 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргад зургаа дахь удаагаа оролцох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment