Энэтхэгт үйлдвэрийн ослын улмаас 34 хүн амиа алдав — «Sigachi Industries»-ийн үйл ажиллагааг зогсоолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энэтхэгт үйлдвэрийн ослын улмаас 34 хүн амиа алдав — "Sigachi Industries"-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Энэтхэгийн өмнөд нутгийн Телангана мужид байрлах «Sigachi Industries» эмийн үйлдвэрт гарсан хүчтэй дэлбэрэлтийн улмаас дор хаяж 34 хүн амь насаа алдлаа. Осол гарсан үед барилгад ойролцоогоор 60 ажилтан байсан бөгөөд 31 хүний цогцсыг нуранги дороос гаргаж, гурав нь эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан талаар албаныхан мэдээлжээ.

Дэлбэрэлтийн дараагаар үйлдвэрийн үйл ажиллагааг 90 хоногийн хугацаатай зогсоох шийдвэрийг компанийн зүгээс гаргасан бол тус компанийн удирдлагуудад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ослын үеэр гэмтсэн дор хаяж 25 хүн янз бүрийн зэргийн түлэгдэл авч, ойролцоох эмнэлгүүдэд яаралтай хүргэгдсэн байна. Гэвч нуранги дор нэмэлт хүн дарагдсан эсэхийг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Нас барсан хүмүүсийн цогцсыг танихын тулд ДНХ-ийн шинжилгээ хийж байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн байна.

Энэ үйлдвэр нь эм, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг микрокристалл целлюлоз нэртэй түүхий эдийг үйлдвэрлэдэг бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн олонх нь Энэтхэгийн хойд, зүүн бүс нутгаас буюу Жаркханд, Одиша, Бихар, Уттар Прадеш, Баруун Бенгал зэрэг мужуудаас ирсэн хөдөлмөрчид байжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэлт явдлын талаар мэдэгдэл хийж, амиа алдсан иргэдийн гэр бүлд 200 мянган рупи, шархадсан хүмүүст 50 мянган рупи-ийн нөхөн олговор олгохоор болсон байна. Мөн тэрбээр нас барагсдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment