Увс аймагт энэ сарын 27-ны өдөр харамсалтай осол гарч, унадаг дугуйтай явж байсан бага насны хүүхэд ачааны автомашинд дайруулж амь насаа алджээ. Ослын талаарх дуудлага тус аймгийн цагдаагийн газарт ирсэн бөгөөд “Гурван замын уулзварт унадаг дугуй унаж явсан хүүхэд ачааны автомашинд дайруулсан” тухай мэдээлэл байв.
Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгалт хийхэд, иргэн Б нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай ачааны автомашин жолоодож явахдаа унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор хэрэг мөрдөн шалгалтын шатанд байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд замын хөдөлгөөнд илүүтэй оролцох болсон тул Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, унадаг дугуй, скүүтэр, цахилгаан моторт хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн жолооч нарт анхаарал болгоомжоо өндөрсгөж, хүүхдүүдийн хөдөлгөөний онцлогийг харгалзан үзэж хариуцлагатай байж, осол, эрсдлээс сэргийлэхийг уриалсан байна.