АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны бодлогын хүрээнд дэлхийн олон улсад ногдуулсан “харилцан” импортын татварын хэрэгжилтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулаад байсан ч энэ хугацаа 2025 оны долдугаар сарын 9-нд дуусах гэж байна.
Тэрээр энэ хугацаанд худалдааны нөхцлөө шинэчилж чадаагүй 12 гол түнш орондоо наймдугаар сарын 1-нээс эхлэн нэмэлт 25 хувийн импортын татвар ногдуулахаар болсноо захидлаар мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд АНУ-ын Ази дахь чухал холбоотнууд болох Япон болон Өмнөд Солонгос багтсан нь онцлог байлаа.
Трампын мэдэгдсэнээр эдгээр хоёр улс АНУ-д нийлүүлж буй барааныхаа хэмжээ, худалдааны тэнцвэргүй байдал зэргээс шалтгаалан татварын шинэ зохицуулалтад шууд өртөхөөр болж байгаа юм. Одоогийн байдлаар Япон, Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд АНУ 10 хувийн импортын татвар ногдуулдаг бол шинэ шийдвэрийн дагуу энэ тоо 25 хувьд хүрнэ.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Япон улс Трампын засаг захиргаатай худалдааны гэрээ байгуулахдаа “амархан бууж өгөхгүй” гэдгийг онцолжээ. Албан ёсны тоо баримтад дурдсанаар Япон улс АНУ-аас худалдаж авч буйгаас хоёр дахин их хэмжээний бараа нийлүүлдэг байна.
Трампын сошиал хуудсанд нийтэлснээр “Хэрэв эдгээр улс манай бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татвараа нэмэгдүүлбэл бид ч мөн хэмжээнээс нь үл хамааран 25 хувийн нэмэлт татвар ногдуулна” хэмээн анхааруулжээ.
Түүнчлэн АНУ-ын худалдааны бодлого зөвхөн хоёр холбоотон улсаар хязгаарлагдахгүй бөгөөд Малайз, Казахстанд 25 хувь, Өмнөд Африкт 30 хувь, харин Лаос, Мьянмарт 40 хувийн татвар ногдуулах төлөвлөгөө боловсруулсан байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “ойрын 48 цагийн дотор захидал хүлээн авсан орнуудаас худалдааны нөхцөлийг шинэчлэх тухай санал ирнэ” гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.
Трампын энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом уналттай нүүр тулгарсан байна. Тухайлбал, S&P 500 индекс 1 хувиар унасан нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн хүчтэй уналтад тооцогдож байна. Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компанийн хувьцаа 4.1%, Хондагийнх 3.8%-иар тус тус буурчээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын доллар Японы иен болон Өмнөд Солонгосын вонтой харьцуулахад чангарсан үзүүлэлттэй гарсан байна.