Саудын Арабын Хаант улсад зохион байгуулагдаж буй “Mobile Legends” тоглоомын “EWC x MSC 2025” олон улсын тэмцээн өнөөдөр үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь нийт 3 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг багууд өрсөлдөж буй хамгийн өндөр зэрэглэлийн цахим спортын наадмын нэг юм.
Монгол Улсаас “The MongolZ” MLBB баг энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэд “Wildcard” шат-нд багтжээ. “Wildcard” шатанд оролцож буй найман багийг хоёр хэсэгт хуваан, сугалааны дарааллаар тоглолтыг явуулж байгаа бөгөөд хэсгээс шалгарсан шилдэг 2 баг дараагийн шат болох плэй-оффт шалгарах юм.
“The MongolZ” багийн хувьд тэдний эхний тоглолт өнөөдөр 19:00 цагаас эхлэх бөгөөд тэд “Legion Esports” багтай хүч үзнэ.
“The MongolZ” багийн хувьд энэхүү тэмцээнд оролцож буй нь Монголын цахим спортын салбарт томоохон түүхэн алхам болж байгаа бөгөөд фэнүүдийн зүгээс тэдэнд өндөр итгэл хүлээлгэж байна.