ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 14 /TASS/. Японы өмнөд хэсэгт орших Токара нэртэй алслагдсан арлуудын орчимд сүүлийн 21 хоногийн хугацаанд 2000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар Японы Цаг уурын газар мэдээллээ. Эдгээр хөдлөлтүүд нь газрын гадаргуу дээр мэдрэгдэхүйц хүчтэй байжээ.
Газар хөдлөлтийн идэвхжил анх зургаадугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд голчлон Акүшэкижима, Кодакаражима зэрэг арлуудын орчимд төвлөрчээ. Өмнөх жилүүдэд ч тухайн бүс нутагт ижил төстэй үзэгдлүүд ажиглагдаж байсан ч энэ удаагийн давтамж, хүч нь өмнөхөөсөө илүү байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, сүүлийн хугацаанд бүртгэгдсэн зарим газар хөдлөлт 5-аас дээш магнитудын хүчтэй байжээ.
Хэдий газар хөдлөлт олонтоо болсон ч одоогоор хүний амь эрсэдсэн, эсвэл үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц сүйдсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Энэ бүс нь тектоникийн хавтангийн огтлолцлын бүсэд байрладаг тул газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэйд тооцогддог ажээ.
Токара бүлэг арлуудад нийт 650 орчим хүн амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн зарим нь аюулгүй байдлын үүднээс сайн дураараа нүүн шилжсэн байна.
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн удирдлага дор Токара арлуудын газар хөдлөлтийн нөхцөл байдлыг судалж, хяналт тавих үүрэгтэй шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Судлаачид ойрын үед дахин хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл байгааг анхааруулж, орон нутгийн оршин суугчдад анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.