Буддын лам нарыг секс бичлэгээр шантаажилж 12 сая доллар завшсан эмэгтэйг Тайландад баривчиллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Буддын лам нарыг секс бичлэгээр шантаажилж 12 сая доллар завшсан эмэгтэйг Тайландад баривчиллаа

Тайландын цагдаагийн газар лам нарыг бэлгийн харилцаанд орсны дараа бичлэг, гэрэл зургаар нь сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхдэг байсан эмэгтэйг саатуулжээ. “Хатагтай Гольф” нэрээр танигдсан энэ эмэгтэй сүүлийн гурван жилийн хугацаанд нийт есөн ламыг ийм аргаар шантаажилж, 385 сая бат буюу ойролцоогоор 11.9 сая ам.доллар завшсан нь мөрдлөгөөр тогтоогдсон байна.

Цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийхэд ойролцоогоор 80,000 орчим зураг, дүрс бичлэг илэрсэн бөгөөд эдгээрийг лам нарыг айлган сүрдүүлэх зорилгоор ашиглаж байжээ. Сэжигтэн эмэгтэйг бусдын эд хөрөнгийг залилан авах, мөнгө угаах, хулгайн эд зүйлс авсан зэрэг ноцтой хэргүүдэд буруутгаж байгаа юм.

Энэ дуулианы мөрдлөг 2024 оны зургаадугаар сард Бангкок дахь нэгэн хийдийн хамба лам хуврагийн сахил санваараа орхисон хэрэгтэй холбоотойгоор эхэлсэн байна. Мөрдөгчид уг хамба лам нь тухайн оны тавдугаар сард «Хатагтай Гольф»-той дотно харилцаанд орсон бөгөөд хожим эмэгтэй хүүхэдтэй болсноо мэдэгдэж, 7 сая гаруй батын тэтгэлэг нэхэж байсныг тогтоожээ.

Энэ явдлын дараа бусад лам нар ч мөн түүнд мөнгө шилжүүлж байсан нь ил болсон байна. Зарим мөнгийг эргүүлэн олж чадсан ч тодорхой хэмжээний мөнгөг онлайн мөрийтэй тоглоомд үрэн таран хийсэн байв.

Тайландын Буддын шашны нэр хүндийг гутаасан энэхүү хэрэг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, буддын сүм хийд дэх сахилга бат, ёс зүйн асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ. Цагдаа нар сэжигтэй лам нарын талаар мэдээлэл авах тусгай утасны шугам ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдийг идэвхтэй мэдээлэл өгөхийг уриалсан байна.

Буддын шашны дээд байгууллага болох Сангха Зөвлөл энэ хэрэгтэй холбоотойгоор сүм хийдүүдийн дотоод хяналтыг чангатгах тусгай ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлажээ. Мөн Тайландын хаан Важиралонгкорн зургаадугаар сард зарласан 81 ламд дээд цол олгох зарлигаа уг хэрэг болон буддын хүрээнд гарсан бусад ёс бус явдлуудын улмаас цуцалсан байна.

Тайландын хүн амын 90 гаруй хувь нь буддын шашинтай бөгөөд эрэгтэйчүүдийн хувьд түр хугацаанд лам болох уламжлал түгээмэл байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд буддын шашны нэр хүндийг сэвтээсэн хэрэг явдал тасралтгүй гарсаар байна.

Өмнө нь, 2017 онд Вирапол Сукпол гэх лам хувийн онгоцоор зорчиж, тансаг амьдралаараа олны анхаарал татсаны зэрэгцээ бэлгийн хүчирхийлэл, мөнгө угаалт, залилан зэрэг хэргээр шүүхэд татагдаж байсан юм. Мөн 2022 онд Фетчабун мужийн нэгэн хийдийн дөрвөн лам хар тамхины хэргээр баривчлагдаж, хийд нь ганц ч ламгүй хоцорч байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment