Японы арми эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Японы арми эмэгтэй албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ

Японы Батлан хамгаалах яам 2030-аад оны дунд үе гэхэд зэвсэгт хүчин дэх эмэгтэйчүүдийн тоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Үүний гол шалтгаан нь шинээр цэрэг элсүүлэхэд тулгарч буй хүндрэл бөгөөд нийт 250 мянган цэргийн албан тушаалын 10 орчим хувь нь эзэнгүй байгааг BFMTV мэдээллээ.

Энэ онд дэвшүүлсэн шинэ зорилтын дагуу 2036 оны гуравдугаар сар гэхэд Японы Өөрийгөө хамгаалах хүчин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 13 хувьд хүргэхээр зорьж байна (одоогийн байдлаар 9 хувьтай байна). Үүнтэй холбогдуулан эмэгтэй албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаа тус яамнаас амлав. Тухайлбал, байлдааны хөлөг онгоцнуудад эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа бие засах газар, халуун усны өрөө, амрах байр зэргийг тусгайлан тоноглохоор болжээ.

Энэхүү шийдвэр нь зэвсэгт хүчний хүрээнд гарсан бэлгийн хүчирхийллийн дуулиант хэргийн дараа гарч байгаагаараа онцлог юм. Өмнө нь нэгэн эмэгтэй албан хаагч дотоод хяналт шалгалтыг зогсоосны дараа YouTube сувгаар дамжуулан арми дахь дарамт шахалтын талаар ил тод мэдээлсэн нь нийгэмд хүчтэй цуурайтсан билээ. Албаны хүмүүс болон шинжээчдийн үзэж буйгаар, залуусыг цэргийн албанаас дайжуулдаг гол хүчин зүйлүүд нь аюултай даалгавар, бага цалин, тэтгэвэрт гарах нас хэт эрт буюу 56 орчим байдаг явдал аж. Мөн төрөлт багасаж, хүн ам цөөрч байгаа нь ч үүнд давхар нөлөөлж байна.

Харьцуулбал, АНУ-ын армийн шинэ элсэгчдийн 18 орчим хувийг, НАТО-гийн орнуудын дунджаар 12-оос дээш хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй