Украины Аюулаас хамгаалах алба (СБУ) өчигдөр мэдээлснээр, алсын тусгалтай нисгэгчгүй онгоцууд ОХУ-ын Татарстаны нутаг дэвсгэрт байрлах “Шахед” загварын дроны агуулахад агаараас довтолжээ.
СБУ-ын мэдэгдэлд, тус агуулахад Иранд үйлдвэрлэсэн “Шахед” дрон болон тэдгээрийг угсрахад ашигладаг эд ангиуд хадгалагдаж байсан нь батлагдсан байна. Энэхүү агуулах нь Кзыл Юл тосгоноос 30 км-ийн зайд орших Елабуга хотын ойролцоо байрладаг бөгөөд тус хотод “Шахед” дроны угсралтын үйлдвэр бий.
Exilenova+ Телеграм сувагт нийтлэгдсэн бичлэгт, Алабугагийн эдийн засгийн тусгай бүсийн нэг хэсэг болох Дэн Сяопиний нэрэмжит ложистикийн терминалд дрон оногдож, шатаж буй дүр зураг бичигджээ.
СБУ мэдэгдэлдээ:
“Оросын газар нутгийн гүнд байрлах цэргийн байгууламжуудыг устгах ажиллагааг бид тууштай үргэлжлүүлнэ. Украинчуудыг шөнө бүр айлгадаг дайсны ‘Шахед’ дроны агуулах бол манай хууль ёсны бай юм. Амжилттай болсон ажиллагаа бүр дайсны байлдах чадварыг бууруулдаг”
хэмээн онцолсон байна.
Оросын талын няцаалт
Татарстаны эрх баригчид уг агуулах цохилтод өртсөнийг няцаав. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Лилия Галимова энэ мэдээллийг “хуурамч” гэж нэрлээд, агуулахын ойролцоо Украины унасан дроны сэг илэрснээс өөр зүйл болоогүй гэж мэдэгджээ.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам Бямба гарагийн өглөө Татарстаны нутаг дэвсгэрт Украины гурван нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлсэн байна.