Трамп: Путин гал зогсоохгүй бол “маш хатуу үр дагавар” амсана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп: Путин гал зогсоохгүй бол “маш хатуу үр дагавар” амсана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдэхдээ, энэ Баасан гарагт Аляскад болох уулзалтын үеэр Украинтай гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “маш хатуу үр дагавар” амсана гэж анхааруулжээ.

Трампын хэлснээр тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын хэд хэдэн удирдагчидтай утсаар ярьсны дараа ийм мэдэгдэл хийсэн байна. Мөн тэр эхний уулзалт амжилттай болбол хоёр дахь уулзалтыг Зеленскийг оролцуулан хийхээ амласан аж.

“Хэрвээ эхнийх нь амжилттай болбол бид хоёр дахийг нь удахгүй хийх болно. Би үүнийг нэн даруй хийхийг хүсэж байна. Хэрвээ Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Зеленский нар хүсвэл би энэ уулзалтад оролцоход бэлэн” гэж Трамп Вашингтонд сэтгүүлчдэд ярив.


Аляска дахь уулзалт ба зорилго

Трамп маргааш Аляска мужийн Анкориж хотод Путинтэй уулзах бөгөөд уулзалтын байршил нь Хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улсын эсрэг ашиглагдаж байсан Элмендорф-Ричардсоны хамтарсан цэргийн бааз байх юм.

Европын удирдагчидтай ярилцахдаа Трамп гал зогсоохыг уулзалтын нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон бөгөөд Киевийн оролцоогүйгээр нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхгүй гэдгээ баталжээ. Мөн тэр уг уулзалт ямар нэгэн албан ёсны гэрээ байгуулах бус, зөвхөн Путиний “хандлагыг тандах” зорилготой болохыг тайлбарласан байна.


Европын удирдагчдын байр суурь

Берлинд Зеленскийтэй хамт мэдэгдэл хийхдээ Германы канцлер Фридрих Мерц:

“Украины газар нутаг Оросын хууль ёсны өмч болох боломжгүй. Ерөнхийлөгч Трамп энэ байр суурийг ойлгодог тул бидний хооронд маш үр дүнтэй, бүтээлч яриа өрнөлөө” гэж хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ч мөн Украины газар нутгийн асуудал утсаар ярих үед хөндөгдөөгүй, ийм шийдвэрийг зөвхөн Киевийн оролцоотой гаргах ёстой гэдэг дээр санал нэгдсэнийг баталсан байна.

Европын нэгэн дипломат эх сурвалж:

“Яриа ерөнхийдөө бидний санаа бодлыг тайтгаруулсан. Гэхдээ Трамп тохиролцсон зүйлсээ Путинтэй нэг өрөөнд орох үеэр баримталж чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна” хэмээн хэлжээ.


Оролцсон талууд

Трампын утасны ярианд Герман, Их Британи, Франц, Итали, Польш, Финландын удирдагчид болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен оролцсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй