Миннеаполисын сүмд болсон халдлага: 2 хүүхэд амиа алдаж, 19 хүн шархадлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Миннеаполисын сүмд болсон халдлага: 2 хүүхэд амиа алдаж, 19 хүн шархадлаа

АНУ-ын Миннеаполис хотод Лхагва гарагт католик сүмийн эсрэг гарсан зэвсэгт халдлага олон хүний амь насыг авч одлоо. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр халдлагын улмаас хоёр хүүхэд амиа алдаж, 19 хүн шархадсан байна.

Эрх баригчдын мэдээлснээр халдлага үйлдэгч нь байлдааны зориулалттай автомат буу, гар буу болон үрлэн сумтай буугаар зэвсэглэсэн байсан бөгөөд гал нээснийхээ дараа өөрийгөө буудан амь насыг хороожээ.

Амь үрэгдсэн хоёр хүүхэд нь найман болон арван настай сурагчид байсан бөгөөд шархадсан хүмүүсийн дийлэнх нь мөн сурагчид байв. Тэд хичээлийн шинэ жилийн эхний мөргөлд оролцохоор сүмд цугларсан байхад халдлага эхэлсэн байна.

Цагдаагийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд сүмийн гаднаас цонх руу чиглүүлэн автомат буугаар гал нээжээ. Хотын цагдаагийн даргын хэлснээр хэрэгтэн нь өмнө нь ямар нэгэн гэмт хэргийн түүхгүй, 23 настай Робин Уэстман нэртэй эрэгтэй байсан бөгөөд тэр халдлагынхаа үеэр интернетэд тунхаг бүхий мэдэгдэл байршуулсан байна. Уг бичвэрийг цахим орчноос устгаж, Холбооны мөрдөх товчоотой хамтран нарийвчлан шалгаж эхэлжээ.

Энэ хэргийн мөрдөн шалгалтыг АНУ-ын хууль сахиулах байгууллагууд хамтран явуулж байгаа бөгөөд дотоодын терроризм болон католик шашны эсрэг үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байна. Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател пүрэв гарагт “хэргийг бүх өнцгөөс нь шалгаж байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг халдлагын талаар мэдээд:
“Цагаан ордон энэхүү аймшигтай халдлагын нөхцөл байдлыг ойроос ажиглан хянах болно, хохирогчдын төлөө хамтдаа залбирахыг хүсэж байна” хэмээн Truth Social платформдоо бичсэн байна.

Энэ хэрэг нь хичээлийн шинэ жил эхэлж буй үед гарсан бөгөөд АНУ даяар коллеж, их сургуулиудын ойролцоо галт зэвсэгтэй халдлагын талаарх хуурамч мэдээллүүд олноор цацагдаж байсан үе давхцаж байна.

“Gun Violence Archive” ашгийн бус байгууллагын мэдээлснээр 2025 он гарсаар тус улсад галт зэвсэгтэй холбоотой 286 хэрэг бүртгэгдээд байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй