Дэлхий дахинд таргалалттай хүмүүсийн тоо 2030 он гэхэд 1.1 тэрбумд хүрнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхий дахинд таргалалттай хүмүүсийн тоо 2030 он гэхэд 1.1 тэрбумд хүрнэ

Дэлхийн таргалалттай тэмцэх байгууллагын сүүлийн тайланд дурдсанаар ойрын таван жилд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, 2030 он гэхэд 1.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Цаашлаад 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувь буюу дөрвөн тэрбум хүн таргалалттай болох эрсдэлтэй гэжээ.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд хамгийн их нөлөөлнө

Судалгаагаар таргалалт хүүхэд, өсвөр насныхны дунд хурдтай тархаж байгаа нь тодорхой болжээ.

  • 2035 он гэхэд энэ насныхны таргалалтын түвшин 2020 оныхоос хоёр дахин өснө гэсэн таамаг бий.
  • НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцооллоор дэлхий дээр анх удаа илүүдэл жинтэй хүүхдийн тоо жингийн дутагдалтай хүүхдээс давжээ.
  • Одоогоор 5-19 насны хүүхэд, өсвөр үеийнхний 10-аас нэг нь буюу ойролцоогоор 188 сая хүүхэд таргалалттай байна.

Хүүхдийн хувьд тухайн нас, хүйс, өндрийг харгалзан эрүүл жингээсээ илүү байвал “илүүдэл жинтэй” гэж тооцогддог. Харин таргалалт нь илүүдэл жингийн илүү хүнд хэлбэр бөгөөд 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Таргалалт ба илүүдэл жингийн ялгаа

Илүүдэл жин болон таргалалтыг ялгахдаа биеийн жингийн индексийг (BMI) ашигладаг.

  • Формула: Жингээ (кг) өндрөө (метр) квадрат болгосон тоонд хуваана.
    Жишээ нь: 70 кг жинтэй, 175 см өндөр хүн → 70 ÷ (1.75×1.75) ≈ 22.9.
  • Үзүүлэлтүүд:
    • 18–24: эрүүл жин
    • 25–29.9: илүүдэл жин
    • 30 ба түүнээс дээш: таргалалт

Монгол дахь нөхцөл байдал

2024 оны байдлаар Монгол Улсын хүн амын 20.6 хувь нь таргалалттай болсон гэсэн судалгаа гарчээ. Хүүхдүүдийн дунд ч энэ үзэгдэл эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд тав хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна.

Түгшүүртэй хандлага

Таргалалтын хамгийн эрчимтэй өсөлт үзүүлэх төлөвтэй 10 орны ес нь Африк болон Азийн бага, дунд орлоготой улсууд байгаа аж. Судлаачдын хэлснээр, ядуурал нэмэгдэхийн хэрээр хямд, шим тэжээл багатай хүнсний хэрэглээ давамгайлж, улмаар таргалалт ихэсч буй нь анхаарал татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй