Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад 100-аас дээш насалсан иргэдийн тоо энэ онд 99,763 хүрч, дараалан 55 дахь жилдээ шинэ дээд амжилт тогтоожээ.
Статистик мэдээ нь хүн амын үндсэн бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 4644 хүнээр өссөн байна. Зуун настнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд нийт 87,784 хүн буюу нийт тооны 88 орчим хувийг бүрдүүлж байгаа ажээ.
Түүхэн өсөлтийг харвал, 1963 онд Японд ердөө 153 зуун наст бүртгэгдэж байсан бол 1981 онд 1000-аас давж, 1998 онд 10,000 хүрсэн. Дараа нь 2012 онд 50,000-д хүрсэн бол энэ онд 100,000-ын босгыг даван туулахад ойртжээ.
Япон улсын хэмжээнд 100 мянган хүнд ногдох зуун настны түвшин 80.58 болж, өмнөхөөс улам нэмэгджээ. Үзүүлэлтээрээ Шиманэ муж 13 дахь жилдээ тэргүүлж (168.69), дараа нь Кочи (157.16) болон Тоттори (144.63) жагссан байна. Харин хамгийн бага үзүүлэлттэй нь Сайтама (48.50), дараа нь Айчи (53.00) болон Осака (55.44) байв.
Хувь хүн талаас авч үзвэл, Нара мужийн Яматокориями хотод амьдардаг 114 настай Шигэко Кагава хамгийн өндөр настай эмэгтэй, харин Шизүока мужийн Иватэ хотын 111 настай Киётака Мизуно хамгийн өндөр настай эрэгтэй хэмээн бүртгэгдэж байна.
Мөн энэ онд нэрт физикч, 1973 оны Нобелийн шагналт Района Эсаки 100 насны ойгоо тэмдэглэснээр Японы зуун настнуудын эгнээнд багтжээ.