Table of Contents
ОХУ хиймэл оюун ухаанд суурилсан анхны хүн дүрст робот “Aidol”-оо арваннэгдүгээр сарын 10-нд Москва хотод болсон технологийн арга хэмжээний үеэр олон нийтэд танилцууллаа. Гэвч нээлтийн үеэр робот тайзан дээр тэнцвэрээ алдан унаж, оролцогчдын анхаарлыг татсан явдал болов. Ажилтнууд роботыг яаран тайзнаас холдуулж, засварлахыг оролдсон байна.
Тэнцвэрийн алдааны шалтгаан
Робот бүтээсэн “Idol” компанийн мэдэгдлээр, уг уналт нь “төхөөрөмжийн тохируулгын алдаанаас” үүдэлтэй байжээ. Компанийн захирал Владимир Витухин “Aidol” одоогоор туршилтын шатанд явж байгааг онцлон хэлээд,
“Робот маань инээмсэглэж, бодож, гайхах чадвартай. Энэ явдал бол мэдлэг болон туршлага хуримтлуулах бодит сургалт байлаа” хэмээн тайлбарлажээ.
Техникийн үзүүлэлт ба хөгжүүлэлт
“Aidol” робот нь 48 вольтын батерейгаар ажиллаж, зургаан цагийн турш тасралтгүй ажиллах чадвартай.
- 19 ширхэг сервомотор бүхий бүтэц нь түүнд 10 гаруй төрлийн үндсэн сэтгэл хөдлөл, хэдэн зуун жижиг илэрхийлэл гаргах боломж олгодог.
- 77 хувь нь Оросын үйлдвэрлэлийн эд ангиар хийгдсэн бөгөөд ойрын жилүүдэд энэ үзүүлэлтийг 93 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилготой байна.
- Роботын силикон нүүрний хийц нь хүний царайны өөрчлөлтийг нарийн хуулбарлан илэрхийлэх боломжтой.
Олон улсын хандлага
“Aidol”-ийн нээлтээр ОХУ хиймэл оюун ухаант хүн дүрст робот хөгжүүлэлтийн дэлхийн өрсөлдөөнд нэгдэж буйгаа зарласан боловч, нээлтийн үеэр гарсан энэ бүтэлгүйтэл нь шүүмжлэл дагуулжээ. Олон улсын шинжээчид Оросын робот техник, хиймэл оюун ухааны салбар бүрэн хэмжээнд өрсөлдөхөд бэлэн эсэх талаар эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.