Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутагт өнгөрсөн шөнө ноцтой осол гарчээ. 23:47 цагт ирсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 33-р ангийн алба хаагчид ослын газарт очиход “Toyota Prius-30” маркийн суудлын автомашин автозамын хажуу руу онхолдсон байв.
Ослын улмаас автомашины төмөр хийцэд 63 настай эрэгтэй Б, 33 настай эмэгтэй Ч нар хавчуулагдсан байсан бөгөөд алба хаагчид тэднийг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.
Цасанд суусан автомашиныг татан гаргав
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ээж хад” гэх газарт (аймгийн төвөөс 60 км, сумын төвөөс 48 км зайд) суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага бүртгэгджээ.
Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр нь очиж шалгахад иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын автомашинд 4 зорчигч (2 том хүн, 2 хүүхэд) байсан бөгөөд ослын газраас аюулгүй гарган тусалсан байна.
Иргэдэд өгөх сэрэмжлүүлэг
Цаг агаарын нөхцөл хүндэрч, зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа тул орон нутгийн замд болгоомжтой зорчих, автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүйн бүсээ тогтмол хэрэглэхийг Цагдаа болон Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.