“Хаан ширээний тоглоом” (Game of Thrones) цувралын Жон Сноугийн дүрээр алдаршсан Британийн жүжигчин Кит Харингтон цувралын төгсгөл хэсгийг дахин зураглахыг шаардсан үзэгчдийн шүүмжлэлд ихэд бухимдаж байгаагаа илэрхийлэв.
Medee.news сайтын мэдээлснээр, тэрээр энэ тухай The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
2019 онд гарсан “Хаан ширээний тоглоом” цувралын наймдугаар улирал үзэгчдээс холимог үнэлгээ авсан билээ. Тухайн үед сүлжээнд төгсгөлийн ангиудыг илүү “ур чадвартай” зохиолчдоор дахин бичүүлж, зураг авалтыг шинээр хийхийг шаардсан өргөх бичиг гарч, түүнд 1.8 сая хүн гарын үсэг зурсан юм.
“Энэ зүйл миний уурыг үнэхээр хүргэсэн. Та нар яаж зүрхэлж байна аа? Ийм түвшний тэнэглэл зөвхөн олон нийтийн сүлжээнд л үүсэж чадна гэж би бодож байна” хэмээн Харингтон мэдэгдэв.
Жүжигчин нэмж хэлэхдээ, зохиолч Дэвид Бениофф болон Д.Б. Уайсс нар шоуны зохистой төгсгөлийг бүтээхийн тулд асар их хүч хөдөлмөр зарцуулсан гэдгийг онцоллоо.
Өргөх бичиг гарсны дараа HBO-ийн тэргүүн Кейси Блойс энэ нь ердөө үзэгчдийн идэвх зүтгэл болон цувралд өгөх хайрын илрэл гэдгийг тэмдэглэж байв. Түүний хэлснээр, наймдугаар улирлыг дахин зураглах асуудлыг бүтээгчид хэзээ ч нухацтай авч үзэж байгаагүй аж.
“Хаан ширээний тоглоом” цуврал 2011-2019 оны хооронд HBO сувгаар цацагдсан бөгөөд Жорж Р. Р. Мартины “Мөс, галын дуун” цуврал романуудаас сэдэвлэн бүтээгдсэн юм. Энэхүү төсөл нь орчин үеийн Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр төсөвтэй, фэнтези жанрын хамгийн үнэтэй бүтээл болсон билээ.
1 comment
Эхлэл нь илүү сонирхолтой байсан