АНУ-ын удирдагчийн тусгай элч Стив Уиткофф ирэх нэгдүгээр сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай Medee.news агентлаг CNBC телесувагт өгсөн түүний ярилцлагыг иш татан мэдээллээ.
“Бид пүрэв гарагт түүнтэй [Путинтэй] уулзах ёстой. Оросын тал өөрсдөө уулзах хүсэлт тавьсан. Үүнийг тэдний зүгээс хийж буй чухал алхам гэж би бодож байна” хэмээн Уиткофф мэдэгдэв.
Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа Уиткофф тодруулснаар, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтад түүнийг АНУ-ын удирдагчийн хүргэн Жаред Кушнер дахин дагалдан явах ажээ. “Бид Жаредтай хамт пүрэв гарагийн орой хөдөлж, шөнө дунд Москвад очно. Үүний дараа бид ажлын хэсгийн хүрээнд уулзалт хийхээр Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорино” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг төлөвлөгөөт хэлэлцээг РБК-д баталгаажууллаа. “Тийм ээ, маргаашийн Ерөнхийлөгчийн ажлын хуваарьт ийм уулзалт байгаа нь үнэн” гэж тэрээр мэдэгджээ.