Илон Маск Ryanair-тай муудалцав: Агаарын тээврийн компани хямдрал болон “троллинг”-оор хариу барив

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Маск

Илон Маскийн ээлжит олон нийтийн мөргөлдөөн энэ удаад улс төрчид эсвэл өрсөлдөгчидтэйгөө биш, харин Европын хамгийн том хямд өртөгт агаарын тээврийн компани болох Ryanair-тай өрнөж байна. Тус компани онгоцнууддаа “Starlink” хиймэл дагуулын интернет суурилуулахаас татгалзсаны дараа тэрбумтан эр болон тус компанийн ерөнхий захирал Майкл О’Лири нар хэдэн өдрийн турш харилцан бие биенээ доромжилсон байна.

Энэхүү хэрүүл маргаан сошиал медиагийн хүрээнээс хальж, маркетингийн томоохон компанит ажил болон хувирчээ.

Ryanair компани Маскийн дүр төрхийг сурталчилгааны материалдаа ашиглан “Их тэнэгүүдийн хямдрал” (Big Idiot Sale) зарласан байна. Компанийн нийтлэлд уг хямдрал нь “Зөвхөн Илон Маск болон X платформ дээрх бусад ‘тэнэгүүдэд’ зориулагдсан” гэж дурджээ. Сошиалд нийтлэгдсэн зургууд дээр О’Лири Маскийн алдарт савхин хүрмийг өмсөж, “Би Ryanair-д хайртай” гэсэн бичигтэйгээр түүний хажууд зогсож буй мэтээр дүрслэгдсэн байв.

Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр О’Лири энэхүү дуулиан нь тасалбарын борлуулалтыг “мэдэгдэхүйц өсгөхөд” хүргэсэн гэж мэдэгдэв.

Зөрчил О’Лири Reuters-т өгсөн ярилцлагадаа “Ryanair онгоцнууддаа Starlink суурилуулах төлөвлөгөөгүй” гэж хэлснээс үүдэлтэй юм. Түүний хэлснээр энэ нь хэтэрхий үнэтэй бөгөөд лоукостер компанийн бизнесийн загварт нийцэхгүй байгаа аж.

Маск энэ шийдвэрийг олон нийтийн өмнө шүүмжилж, О’Лириг “тэнэг” гэж нэрлээд, агаарын тээврийн компанийг худалдаж аваад удирдлагыг нь “Райан” гэдэг нэртэй хэн нэгнээр сольж чадна гэж мэдэгджээ. Удалгүй тэрээр О’Лириг “шимпанзе” гэж нэрлэх хүртэл доромжилсон байна.

О’Лири Ryanair-ийн уламжлалт хэв маягаар хариу барихдаа “Энэ бол шимпанзе нарын нийгэмлэгт арай шударга бус хандсан хэрэг” гэж ёжилжээ.

“Маскийн систем маш сайн боловч суурилуулах зардал нь компанийн хувьд хэтэрхий өндөр тусна. Онгоцны их бие дээр суурилуулсан антень нь нэмэлт эсэргүүцэл үүсгэж, түлшний зарцуулалтыг нэмэгдүүлдэг” гэж О’Лири тайлбарлав.

Үүнээс гадна Ryanair-ийн үзэж байгаагаар богино хугацааны нислэгээр зорчиж буй пасажирууд интернетэд мөнгө төлөхөд бэлэн биш байгаа бөгөөд компани үүнийг үнэгүй өгөхийг хүсэхгүй байгаа юм.

Маргааны үеэр Маск агаарын тээврийн компанийг худалдаж авч магадгүй гэдгээ дахин сануулсан ч О’Лири егөөдөж, Европын хууль тогтоомжийн дагуу ЕХ-ны гишүүн бус орны иргэн Европын агаарын тээврийн компанийн хяналтын багцыг эзэмшихийг зөвшөөрдөггүй болохыг сануулжээ.

Сошиал медиагийн шинжээч Метт Наварра Ryanair-ийн хариу үйлдлийг “зоримог бөгөөд овжин” гэж нэрлээд, тус компани өдөөн хатгалга, егөөдөл, троллинг зэргийг маркетингийн стратеги болгон эртнээс ашиглаж ирснийг онцолсон байна.

Эх сурвалж: The Washington Post

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй