Цаг уурын байгууллагын 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаарх хээрийн хэмжилтийн мэдээгээр цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх арав хоногтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 87 хувь нь цастай байгаа бөгөөд хүйтний эрч эрс чангарч, салхины хурд онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.
Цасны зузаан ба бүс нутгийн нөхцөл байдал
Сэлэнгэ, Завхан, Увс аймгуудын ихэнх сумдад цасны зузаан 21 см-ээс дээш байгаа бол говийн зарим нутгаар 10 см-ээс бага байна. Цасны нягт 0.09-0.39 г/см3 хооронд хэлбэлзэж байгаа нь мал бэлчээрлэх болон зам даваа саатахад нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа Увсын Ховд, Цагаанхайрхан болон Сэлэнгийн Ерөө, Хүдэр зэрэг сумдад нөхцөл байдал хамгийн хүнд байна.
Цасны зузаан хамгийн их (31-45 см) байгаа сумд:
- Увс аймаг: Ховд, Цагаанхайрхан сумд.
- Завхан аймаг: Цэцэн-Уул, Баянтэс, Тэс сумд.
- Хөвсгөл аймаг: Цэцэрлэг сум.
- Сэлэнгэ аймаг: Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Мандал, Хушаат сумд.
Цаг агаарын аюултай болон онц аюултай үзэгдэл
Өнгөрсөн арав хоногийн хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч туйлждаа хүрч чангарлаа. Завхан, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул болон Хөвсгөл аймгийн зарим сумдад агаарын температур -47-оос -52 градус хүрч хүйтэрсэн байна.
Үүний зэрэгцээ салхины хурд тал хээр, говийн нутгаар 16-27 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн бол Ховд аймгийн Ховд, Чандмань болон Өмнөговь аймгийн Булган суманд 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдэл бүртгэгдсэн байна. Иймд алс замд гарах болон мал бэлчээрлүүлэхдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.