“Мөсөн эрин 6” хүүхэлдэйн киноны анхны трэйлер цацагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ice Age

“20th Century Studios” кино компани “Мөсөн эрин” (Ice Age) франчайзын арваад жилийн дараах анхны бүрэн хэмжээний анги болох “Мөсөн эрин: Буцлах цэг” (Ice Age: Boiling Point) хүүхэлдэйн киноны анхны трэйлерийг танилцууллаа. Киноны нээлтийг ирэх оны хоёрдугаар сард хийхээр товложээ.

Үйл явдал балар эртний мөсөн ертөнцөд өрнөх бөгөөд энэ удаад Скрат хэрэм өөрийн үр төлтэйгөө хамт гарч ирнэ. Трэйлер дээр тэд царсны самарны төлөө өрсөлдөж буйг харуулах бөгөөд эцэст нь Скрат үрдээ жижиг самар өгч, бяцхан хэрэм түүнийг нь соосог болгон ашиглаж буй хөгжилтэй дүр зураг гардаг байна.

Гэвч амгалан тайван байдал удаан үргэлжлэхгүй. Идэвхтэй галт уул дэлбэрч, хайлмаг лав орчныг бүрхэн, Скрат үрийнхээ хамт амьд үлдэхийн тулд нэг мөсөн дээрээс нөгөө рүү үсрэн аюулаас мултрахыг хичээх болно.

Лас-Вегас хотноо болсон CinemaCon арга хэмжээний үеэр уг киноны хэсгээс анхлан үзүүлсэн байна. Элли мамонтын дүрд дуу оруулсан жүжигчин Квийн Латифа хэлэхдээ, шинэ ангид гол баатрууд маань “амьдралынхаа нэгэн чухал уулзвар” дээр ирэх бөгөөд тэднийг мартагдсан ертөнцөөр аялах шинэ, аюултай адал явдал хүлээж байгааг онцолжээ.

“Мөсөн эрин” анимэйшн анх 2002 онд найруулагч Крис Веж болон Карлос Салданья нарын удирдлага дор дэлгэцнээ гарч, дэлхийн хэмжээнд 383 сая ам.долларын ашиг олж байв. Үүнээс хойш “Мөсөн эрин 2: Дэлхийн дулаарал” (2006), “Мөсөн эрин 3: Үлэг гүрвэлүүдийн эрин” (2009), “Мөсөн эрин 4: Тивийн нүүдэл” (2012) болон “Мөсөн эрин: Мөргөлдөх зам” (2016) зэрэг ангиуд гарсан юм. Энэхүү цуврал кинонууд нийтдээ 3.2 тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийгээд байна.

Шинэ ангид жүжигчин Жон Легуизамо болон Саймон Пегг нар дуу оруулагчийн дүрээрээ эргэн ирэх аж. Сонирхуулахад, энэ нь 2021 оны дөрөвдүгээр сард Blue Sky Studios хаагдсанаас хойш тус студийн оролцоогүйгээр бүтээгдэж буй анхны анги юм. Продюсерээр Лори Форте болон Патрик Уорлок нар ажиллажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй