Холливудын алдарт жүжигчин Мэттью Макконахиг хэдэн арван жилийн турш янз бүрийн дүрээр харж байсан ч түүний бодит амьдрал дээрх төрхөд ганцхан зүйл л хэвээрээ үлдсэн нь түүний алдарт савхин хүрэм юм. Олон жилийн явцад энэхүү хувцас нь түүний стилийн салшгүй хэсэг төдийгүй нэрийн хуудас нь болон хувирчээ.
Мэттью Макконахи анх романтик инээдмийн киноны гол дүрийн сайхан залуугаас карьераа эхлүүлсэн ч яваандаа “Interstellar”, “True Detective” зэрэг сод бүтээлүүдээрээ өөрийгөө чадварлаг драмын жүжигчин гэдгээ баталсан. Кино сонголтын хувьд зоригтой шийдвэр гаргадаг ч жүжигчин залуу хувийн амьдралдаа туйлын тогтвортой нэгэн болох нь түүний хувцаслалтаас харагддаг.
Энд бид стилистүүдийн бэлдсэн улаан хивсний ёслолын гоёл бус, харин Макконахигийн өөрийнхөө дураар сонгон өмсдөг хувцасны тухай ярьж байгаа юм. Киноноосоо сая саяын ашиг олдог хэрнээ тэрээр сонгодог загварын бор савхин хүрэмнээсээ олон жилийн турш салсангүй.

Тэрээр брэнд нь тодорхойгүй энэхүү хүрмээ анх 1997 онд өмсөж эхэлсэн бөгөөд тухайн үед ч уг хүрэм тийм ч шинэ байгаагүй гэдэг. Хүрэмний ирмэг хэсгүүд нь элэгдэж, доод талын нэг товч нь байхгүй байгаа нь анзаарагддаг.
Жүжигчин эр энэхүү хүрмээ үдэшлэг, спортын тэмцээн, тэр байтугай ярилцлага өгөхдөө хүртэл өмсөж иржээ. Тэрээр үүнийг ихэвчлэн энгийн жинсэн өмд, ковбой малгайтай хослуулдаг.
Олон жилийн эдэлгээний явцад савхи нь хагарч, хуурч эхэлсэн ч Мэттью хайртай хувцасныхаа насыг уртасгах гэж хичээж байгаа нь харагддаг. Зарим хэсгийг нь нааж сэргээсэн ул мөр байдаг ч мөр, тохой хэсгийн савхи нь хэдийнэ элэгдэж дуусжээ.

Хэт их хэрэглээ, бараа таваараар ханасан өнөөгийн ертөнцөд Макконахи өөрт нь хамгийн тухтай, байгалийн мэт санагддаг ганц стилээ үргэлж сонгодог. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү энгийн нэг хүрэм түүний стиль, зан чанарынх нь салшгүй нэг хэсэг болсон нь үнэхээр гайхалтай.