Их Британийн анагаах ухааны салбарт нэгэн түүхэн үйл явдал тохиож, нас барсан донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны хүүхэд мэндэллээ. Өдгөө 10 долоо хоногтой болоод буй Хюго хүү 2025 оны сүүлчээр Лондон хотын эмнэлэгт 3.1 кг жинтэй төрж, гэр бүлдээ төдийгүй ижил оноштой мянга мянган эмэгтэйчүүдэд итгэл найдвар бэлэглээд байна.
Төрөлхийн умайгүй мэндэлдэг “MRKH” хам шинжтэй Грэйс Белл бүсгүй 16 настайгаасаа эхлэн хүүхэд тээх боломжгүй гэх оноштой байсан ч анагаах ухааны хөгжил түүнд ээж болох боломжийг олгосон юм.
Түүхэн төрөлтийн гол баримтууд:
- Мэс ажилбар: 2024 оны зургадугаар сард Оксфордын эмнэлэгт 10 цаг үргэлжилсэн умай шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ.
- Үр тогтоолт: Хагалгааны дараа үр шилжүүлэн суулгах замаар жирэмсэлж, хүүхдээ эсэн мэнд тээж төрүүлсэн байна.
- Статистик мэдээлэл: Дэлхий даяар ийм төрлийн 100 гаруй хагалгаа хийгдсэнээс өдгөө 70 орчим эрүүл хүүхэд мэндлээд байгаа аж.
Урьд нь Британид амьд донороос умай шилжүүлэн суулгаж хүүхэд төрүүлж байсан бол энэ удаагийнх нас барсан донороос эрхтэн шилжүүлснээрээ онцлог юм. Грэйс Белл дахин нэг хүүхэд төрүүлэхээр шийдвэрлэж магадгүй бөгөөд үүний дараа дархлаа дарангуйлах эм насан туршдаа уухгүйн тулд умайг буцаан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Нас барсан донороос шилжүүлэн суулгасан умай нь төрөх хүүхэдтэй ямар ч генетикийн холбоогүй байдаг нь шинжлэх ухааны бас нэгэн сонирхолтой баримт юм.