Фату 69 насны ойгоо Берлинд тэмдэглэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Фату

Германы нийслэл дэх амьтны хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр настай горилла сармагчин амьдарч байна. Түүнийг Фату гэдэг бөгөөд энэ жил 69 нас хүрч байгаа аж. Төрсөн өдрийг нь тохиолдуулан амьтны хүрээлэнгийнхэн түүний дуртай амттанаар дайлжээ.

Гиннесийн ном болон Берлиний амьтны хүрээлэнгийн мэдээллээр Фату 1957 оны дөрөвдүгээр сарын 13-нд Африкт төрсөн байна. Түүнийг 1959 онд Германд авчирсан бөгөөд тэр цагаас хойш хүний асаргаа, хамгаалалтад амьдарчээ. Байгаль дээр горилла сармагчин ихэвчлэн 35-40 насалдаг ч сайн арчилгаа, хамгаалалт дор илүү урт наслах боломжтойг Фатугийн амьдрал харуулж байна.

Фатугийн туулсан зам энгийн байгаагүй. 1959 онд түүнийг Баруун Африкт Францын усан цэрэг олсон бөгөөд тэр үедээ эцэг эхээ алдсан өнчин сармагчин байсан байж болзошгүй гэж үздэг байна. Улмаар тухайн усан цэрэг Марселийн нэгэн уушны газарт тавьсан өрөө Фатугаар төлж, дараа нь түүнийг Францын амьтны худалдааны мэргэжилтэн мадам Лафевр авч, эцэст нь Берлиний амьтны хүрээлэнд худалдсан аж.

Өнгөрсөн жил тус амьтны хүрээлэнгийн 75 настай фламинго шувуу үхсэний дараа Фату Берлиний амьтны хүрээлэнгийн хамгийн ахмад амьтан болсон байна. Нас ахисны улмаас түүнд хөгшрөлийн шинж тэмдэг илэрч, шүд нь унаж, үе мөчний үрэвсэлтэй болсон ч идэвхтэй хэвээр байгаа юм.

Тэр одоо ч хүрээлэнгийнхээ Мпензи (40 нас), Биби (29), Жамбалой (24), Санго (21), Тилла (4 нас) нэртэй бусад гориллатай тоглож, идэвхтэй байдаг аж. Ийнхүү Фату зөвхөн насны дээд амжилтаараа бус, амьдралын эрч хүчээрээ ч олны анхаарлыг татсаар байна.

  • Фату 1957 оны дөрөвдүгээр сарын 13-нд төрсөн
  • 1959 онд Германд авчирчээ
  • Энэ жил 69 нас хүрч байна
  • Байгаль дээр горилла 35-40 насалдаг

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй