“Оюутан цэрэг” 2026: 13 цэргийн мэргэжлээс сонгон суралцах боломж

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Оюутан цэрэг

2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах бүртгэл 3-р сарын 1-ний 00:00 цагаас 3-р сарын 10-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын I–III дамжааны оюутнууд төрийн мэдээллийн нэгдсэн систем болох E-Mongolia-гаар цахимаар бүртгүүлэх юм.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид цахимаар бус, бичиг баримтаа бүрдүүлж харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт биечлэн очиж бүртгүүлнэ. Үүнд хөтөлбөрт хамрагдах тухай өргөдөл, сургалтын байгууллагын тодорхойлолт, сургалтад хамруулах зөвшөөрөл, дүнгийн хүснэгт зэрэг материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Бүртгүүлэх оюутан, суралцагчдад тавих шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I–III дамжаанд, эсхүл мэргэжлийн/техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх
  • Тухайн жилийн 6-р сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн 1 жилийн хугацаанд төлсөн байх
  • Тухайн хичээлийн жилийн I улирлын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлөөс сонгон эзэмших боломж нээгдэж байна. Онолын бэлтгэл сургалт дөрвөн төрлийн хичээлээр явагдах бөгөөд мэргэжлийн бэлтгэлд ерөнхий шалгалтад 60-аас дээш оноо авсан оюутнууд хамрагдана.

Сургалтын бүтэц нь оюутны суралцаж буй мэргэжилтэй уялдуулан цэргийн “бага мэргэжил” эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ жилийн сургалтын агуулгад эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлийн хичээлүүдийг түлхүү тусгахаар төлөвлөжээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан байна. 2026 онд жилийн квотыг нэмэгдүүлж, нийт 2000 оюутан, суралцагчийг хамруулах мэдээлэл гарлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй