“Барс” захын арын талбайг ногоон байгууламж болгоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Барс

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын орчимд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, тус бүсийн газар ашиглалтын асуудлыг газар дээр нь үзжээ. Энэ үеэр “Барс” захын хойд талд байрлах талбайг чөлөөлж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулахаар болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, 2000 оны үед “Барс” захын ард орших “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн байна. Одоо уг талбайг нөхөх олговортойгоор чөлөөлж, оршин суугчдын ашиглах нээлттэй ногоон орчин болгохоор төлөвлөжээ.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр, энэ газрыг анх үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар аж ахуйн нэгжид захирамжилсан ч оршин суугчид барилга барихыг эсэргүүцсээр ирсэн байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа иргэдийн хүсэлтийг хотын удирдлагад уламжилсны дараа аж ахуйн нэгжтэй зөвшилцөл хийх шаардлага үүссэн гэж тэр тайлбарлажээ.

Иргэдийн зүгээс тухайн байршлыг барилгажуулахгүй, ногоон байгууламж хэвээр үлдээх хүсэлт тавьсан байна. Харин “Восточный альянс” ХХК олон жилийн турш газар эзэмшиж, газрын төлбөр төлж ирсэн тул дүйцэх байршлаар солих санал гаргасан аж.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс тус компанид “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүсэд, цэвэр, бохир, дулааны шугамд холбогдох боломжтой, одоогийнхоос илүү хэмжээтэй, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газраар солих санал тавьжээ. Ингэснээр одоогийн маргаантай байршлыг оршин суугчдын хүсэлтийн дагуу нийтийн зориулалтаар ашиглах нөхцөл бүрдэхээр байна.

Хотын дарга мөн энэ талбайд 2026 ондоо багтаан тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээр төлөвлөснийг мэдэгдсэн байна. Түүнчлэн тухайн хэсэгт цаашид ямар нэгэн газар олголт хийхгүй бөгөөд автомашины зогсоол барихгүй, зөвхөн иргэдийн амралт, чөлөөт цагт зориулсан тохижилт хийнэ гэдгийг онцолжээ.

  • Байршил: БГД-ийн 3 дугаар хороо, “Барс” захын хойд тал
  • Хэмжээ: 2612 ам метр
  • Одоогийн шийдэл: нөхөх олговортойгоор чөлөөлнө
  • Зориулалт: нийтийн эзэмшлийн ногоон байгууламж
  • Хугацаа: 2026 ондоо багтаан тохижуулна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй